Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.05.11 20:36
7975
“Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжсэнээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” жил бүр тарих модны тоогоо 3-5 дахин нэмэгдүүлжээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” 15 дахь жилдээ хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон “Хүнсний хувьсгал” ТББ, “Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо”–ны гишүүд оролцож хаврын мод тарилтад нэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн хавар, намар бүх нийтээр мод тарьж, байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэх чиглэлээр олон ажлыг эрчимжүүлэхээр үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон.  

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш жил бүр тарих модны тоогоо 3-5 дахин нэмэгдүүлж байгаа талаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн холбогдох албаны хүмүүс онцоллоо. Өдөрлөгийн хүрээнд нийтдээ 75 орчим байгууллага, 100 гаруй иргэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 12 төрөл зүйлийн 2600 орчим модны суулгац тарьжээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хаврын мод тарих өдрийн нээлтэд оролцож, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй хүүхэд, залуусын хамт мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Манай улсын нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн 50 орчим хувийг ойжуулж чадвал ая тухтай амьдрах эко систем бүрдэнэ. Мод тарьж ургуулах нь цөлжилттэй тэмцэх хамгийн сайн арга юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуурга, хөрсний доройтлоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ойлголт, хандлагад ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулж байгаад талархаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэрүйлчилгээний бодлогын зөвлөх Ч.ДаваабаярМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш орон даяар мод тарих аян эрчимтэй өрнөж байна. Тус хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 2030 он хүртэл 680 сая мод тарихаар төлөвлөсөн байгаа. Үүнээс 120 сая модыг хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнд тарих юм. Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож өөрсдийн төглийг байгуулж байна. Модыг тариад орхих биш услах, арчлах, хамгаалах нь нэн чухал. Тэгвэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” жилийн дөрвөн улирлын турш модыг арчилж, хамгаалах ажлыг хийж байгаа нь сайшаалтай байна. Сүүлийн жилүүдэд мод тарихын ач холбогдлыг хүмүүс ойлгодог болсон нь сайн хэрэг. Нөгөө талд үүнийг дагаад мод үржүүлэг, хамгаалалтын чиглэлийн бизнесүүд хөгжиж байна. Тэгэхээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчноо нөхөн сэргээж, ногоон орчныг бий болгоод зогсохгүй энэ төрлийн бизнесийг хөгжүүлэхэд ч мөн жинтэй хувь нэмэр оруулж байна. Эцэст нь хэлэхэд тэрбум тэрбумаар тоологдох мод тарьж эх дэлхийгээ аврахад хувь нэмрээ оруулцгаая.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нь иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх, эрүүл, эко орчинд амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэхээр мод тарих, ногоон байгууламж бүтээх, арчилж хамгаалах ажлыг жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна.