Б.Нарангоо
Ерөнхий редактор
Баялаг бүтээгч
2024.05.13 20:47
1295
“Хүнсний хувьсгал” үндэсний үйлдвэрлэлд сэргэлт авчрав уу ?


Бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гаднаас авч байгаа нь эмгэнэл.  Тийм ч учраас Ерөнхийлөгчийн эхлүүлсэн гурван том төслийн нэг Хүнсний хувьсгал байгаа онож, үндэсний үйлдвэрлэгч, иргэдийн талархлыг хүлээгээд байна.

Монголчууд бид дотоодын хэрэглээний мах,  төмсөө хангаж байгаа ч үүний цаана гаднаас хараат салбар цөөнгүй. Тухайлбал гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос,  давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байгаа нь энэ салбаруудад зах зээл бийг, үндэсний үйлдвэрлэгчид ажиллах ёстойг, төрийн дэмжлэг хэрэгтэйг  харуулж байна.

Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачилсан  “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөр 21 аймаг 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжиж эхэлсэн хоёр жилийн хугацаанд зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн хөтөлбөр батлагдаж,  бизнес эрхлэгчдэд ус агаар шиг хэрэгтэй бага хүүтэй зээлийн эх үүсвэр шийдэгджээ.

Ингэснээр    1,857 аж ахуйн нэгж, иргэн  675 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  авчээ.   Үр дүнд нь хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж, сонгино, саримс, лууван болон өндөгний хангамж 3-12 хувиар өсч,    хүлэмжийн ногоо 27, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл зургаан хувиар нэмэгдсэн эерэг мэдээ байна.

Цаашид ч  тогтвортой, урт хугацаанд ажиллах  боломжоор хангаад өгвөл үндэсний үйлдвэрлэл сэргээд ирэх нь тодорхой. Үүний тулд ерөнхийлөгч,  үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулж буй  үйлдвэрлэл үйлчилгээний зөвлөхийн баг тасралтгүй ажиллаж байгаа юм. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн нэг хоёр жил үргэлжлээд дуусах биш 2027 он хүртэл үе шаттайгаар урт хугацаанд хэрэгжих үндэсний бодлого. Иймээс ч урт хугацаандаа дараах бодлогоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд эхэлсэн юм. Тухайлбал:

  • 2023 онд банкны салбараас Засгийн газрын хүүгүй татаастай жилийн 3%-5% хүүтэй, 3-5 жилийн хугацаанд нийт 1 их наяд төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээл олгоно.
  • Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой ААН-үүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлнө.
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйн үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, тариалсан ААН-үүдийн орлогын албан татварыг 50%-иар хөнгөлнө.
  • Гаалийн албан татвараас хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлнө гэсэн шийдвэрүүдийг гаргаад байна.

 

Түүнчлэн дараах төрлийн барааг НӨАТ-аас бүрэн чөлөөлөхөөр болжээ. Үүнд:

  • Газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил,
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн,
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг багтжээ.
  • Мөн импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлөх юм байна.

Ийнхүү Ерөнхийлөгчийн санаачилсан бодлого, хөтөлбөр байгаа онож, эцэст нь Монголчууд бид дотоодынхоо хүнсийг 100 хувь хангах зорилго, хүсэл биеллээ олоход ойрхон байна. Төрөөс бодлогоор дэмжиж, үйлдвэрлэгчид хичээж байна. Гол нь хэрэглэгч бид тэртээ холын тариаланчийг биш дэргэдээ байгаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, сонголтоо өөрчлөхийг УРИАЛЖ байна.