Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Улс төр
2024.05.15 18:51
3697
Намууд жагсаалтад оруулах хүмүүсээ ямар шалгуураар сонгох вэ?

Эрх баригч МАН-ын хувьд жагсаалтад 3 төрлийн нэр дэвшигчдийг оруулна гэж мэдэгдээд байна. 

  1. Намын томоохон лидерүүд
  2. Намын залуучууд
  3. Нийгмийн төлөөлөл    

Эндээс харахад өнөөгийн эрх баригч дарга нар өөрсдийгөө жагсаалтад дээгүүр бичих бололтой. Учир нь яг ямар хүнийг намын томоохон лидер гэж нэрлэнэ гэсэн шалгуур байхгүй. Өмнө нь сонгогдож байсан, албан тушаал хашиж байсан ах нар нь өөрсдийгөө томоохон лидер гэдэг үндэслэлээр жагсаалтад дээгүүр оруулах нь ойлгомжтой биз. Үүний дараа залуучууд болон жагсаалтдаа чимэг болгож оруулах салбарын төлөөлөл болсон хэдэн хүний нэрийг бичнэ гэдэг нь тодорхой. 

Харин сөрөг хүчин Ардчилсан намын хувьд жагсаалтад оруулах нэрс нь маргаантай хэвээр байна. Ер нь өнгөн дээрээ л нэгдсэн гэж ярих болов ч Ардчилсан намын хуваагдал үргэлжилсээр байгаа. Өнөөдөр АЗХ буюу экс ерөнхийлөгч Х.Баттулгын фракцын хүмүүс хэвлэлийн хурал хийж өөрсдийн хүмүүсээ намын жагсаалтад оруулах шаардлагыг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт хүргүүлсэн. Харин намын дарга Лу.Гантөмөрийн хувьд намын удирдлагууд жагсаалтаараа орж ирэх нь шударга гэж үзэж буйгаа илэрхийлсэн удаатай.

Тодруулбал эмч, багш, инженер зэрэг улс төрч биш нэр цэвэр хүмүүсийг жагсаалтын дээгүүр бичиж өөрсдөө завсарт нь сонгогдох тактик хэрэглэж байгаа нь сонгогчдоо хуурсан үйлдэл гэж байр суурийг илэрхийлсэн юм. Түүний энэ тайлбар нь бас л МАН-ын адил намын хуучин лидерүүд жагсаалтад дээгүүр бичигдэх болно гэдгийг илэрхийлж байна.

Тэгвэл улс төрийн 3 дахь хүчин болоод буй Хүн нам жагсаалтдаа авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож байгаагүй, өндөр боловсролтой, туршлагатай, салбар бүрийн шилдэг төлөөллийг оруулна гэж намын дарга Т.Доржханд мэдэгдсэн. Сонгогчдын хүсэж буй зүйл нь ч энэ мөн. Гэхдээ жагсаалтын нэрс тодорхой болсон үед л энэ зарчмаа баримталсан эсэх нь харагдана. Салбар бүрийн өндөр мэдлэг, туршлагатай 48 хүн Хүн намд байгаа юу гэдэг нь харин тодорхойгүй юм.