Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.05.16 09:28
7179
Л.НАРАНБААТАР: МИНИЙ ШИДСЭН ОЙМС БАЙГАА ОНОСОН

 Одоогоос есөн жилийн өмнө буюу 2015 онд тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболдыг индэр дээр үг хэлж байхад нь оймсоо тайлаад шидчихсэн цөстэй залууг Лүндэгийн Наранбаатар гэдэг. Уул уурхайн инженер-эдийн засагч мэргэжилтэй тэрбээр “оймс” Наранбаатар хэмээх хоч автлаа олны дунд алдаршин, 1072 хувьцааны ногдол ашгийг ард түмэнд өгөхийг шаардан тэмцэж, Төв талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулж байв.

Дархан-Уул аймгийн АН-ыг хүртэл тэргүүлж явсан тэрбээр намынхантайгаа үзэлцэж тэмцэж явснаа 2016 оны дараахан МАН-д элсэж, түүнийхээ шанд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн даргаар томилогдсон гэлцдэг. Үүнээс нь болж түүний нэр “Урвагч” гэх зүүсгэл дагуулах нь бий. Тэгвэл энэ бүх хэрэг явдал, ээдрээнийх нь талаар эргэлт буцалтгүй хариулт авч, шударга ярилцахаар Л.Наранбаатартай уулзлаа.

-Таныг АН-ын гишүүн байсныг мэднэ. Гэтэл яагаад МАН-д орох болов оо? Үүнээсээ болж та “Урвагч” гэх нэр хоч хүртэл зүүдэг шүү дээ. Энэ сонголтоос тань яриагаа эхэлбэл ямар вэ?

-Эхлээд урвагч гэх ойлголтод хариулт хэлье. Миний бодлоор, эх орноосоо урвасан хүнийг л урвагч гэх байх. Гэтэл АН-ын эрх мэдлийг атгаж байсан бүлэг нөхдүүд чинь Эрдэнэт, Дархан, Хөтөлийн үйлдвэрийг цөлмөөд, Багануур руу орох гэж байхад нь би эсэргүүцэж тэмцэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, намайг АН-аас гарах үед тэнд бүлэг дээрэмчид үүрэлчхээд байсан үе. Одоо ч байгаа. Ийм хулгайч луйварчидтай нэг тогоонд байж чадаагүйн төлөө яагаад намайг урвагч гэж байгаа юм! Урвагч гэж эх орноосоо урвасан хүнийг хэлэх ёстой биз дээ? Түүнээс биш эх орныхоо төлөө өөрийгөө зольж, эрсдэл үүрч байгаа хүнийг хэлдэггүй юм.

-Тэгвэл яагаад МАН-ыг сонгох болсноо тайлбарлахгүй юу?

-Би нэг зүйлд итгэл үнэмшилтэй явдаг хүн. Монголын ард түмний газрын хэвлий дэх баялаг, ялангуяа тэдгээрийг эзэмшдэг төрийн өмчит компаниуд ард түмний хяналттай, нээлттэй хувьцаат компани болох зам руу явах ёстой. Ард иргэд хувьцааныхаа ногдол ашгаар үр өгөөжөө шударга хүртдэг байх, хяналттай, ил тод, шилэн байгаасай гэж боддог. Тийм учраас үүнийг би уул уурхайн инженер-эдийн засагч хүний хувьд заавал хийх ёстой үүрэг, хариуцлага гэж ойлгодог. МАН доторх шударга ёсны тэмцэл миний зорилготой нийцсэн. Харин энэ зарчмаас ухарсан хэнтэй ч би “үзэлцэнэ”. Энэ шалтгаанаар би өөрийн улс төрийн сонголтоо хийсэн.

-Олон нийт нам сольж байгаа улстөрчийг хардаг нэг өнцөг байна л даа. Ямар нэгэн аргаар эрх мэдэл, албан тушаалд хүрэх зорилготой гэж хардаг?

-Та мөнгөтэй болохын тулд төрд орох гээд байна уу л гэж асуух гээд байх шиг байна. Би хувийн санхүүгээ зохицуулчихсан хүн. Хувийн хэвшилд нийт 20 жил ажилласан. Таван жилд нь Шарын голын нүүрсний уурхай, Оюу толгойн өрмийн туслах, МАК-д инженер-эдийн засагч хийсэн. Ингэхдээ маш олон том төслийн ТЭЗҮ, судалгааг хийж байлаа. Энэ хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан 15 жил хувийн бизнес хийж байна. Монголын уул уурхайн салбарын өмнө би бүх талаараа шилэн байсан. “Coal Mongolia” гээд олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Ингээд харахад, бүтэн 15 жил би оюуны экспорт хийжээ. Одоо 200 гаруй хүнтэй, уул уурхайн салбарт 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулдаг “Эрч майнинг” хэмээх хувийн компанитай. Ер нь бол хувийн санхүү, аж ахуйгаа шийдсэн хүмүүс л төрд очмоор юм билээ. Цүнх барьж байгаад очихоор тэнд ахуйгаа шийдэх гээд хулгай хийгээд байна шүү дээ.

-Та 2017 онд МАН-д элссэн. Түүний дараа таныг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилсон. Энэ томилгоо таны МАН-д элссэний шагнал байв уу?

-Намд элсээд шагнал авна гэж юу байхав дээ. Ер нь бол би төрийн өмчийн компанид хэзээ ч захирал хийхгүй гэсэн бодолтой байсан. Тэртээ тэргүй хувийн бизнесээ явуулаад амьдрал ахуйгаа босгочихсон хүн юу бодож тийшээ очих юм, тийм биз дээ? Надад нэг л зорилго бий. Би 1072 хувьцааны ногдол ашгийн төлөө тэмцэж ирсэн. Үүний цаана байдаг миний итгэл үнэмшил юу гэхээр, “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хөрөнгийн биржэд бүртгэлтэй, нээлттэй, ил тод, шилэн компани болгох. Энэ хувьцаа “амьд” байж, үнэ цэн нь өсвөл борлуулаад ашиг олдог, буурвал худалдаж аваад олон хувьцаатай болдог, ард түмэнд ногдол ашгаа өгдөг байх ёстой. “1072 хувьцааныхаа төлөө явцгаая” гэдэг бол “Өмчдээ эзэн байцгаая” гэсэн уриалга байсан учраас хамгийн багадаа хоёр сая хүн нэгдсэн том хөдөлгөөн өрнөсөн. Тэр үед нүүрсний хулгай ид явагдаж байсан. Таны 1072 хувьцаагаар дамжуулаад хулгай хийгээд байхад “Яагаад тайван суугаад байгаа юм бэ” гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Үүний нэгэн адилаар Хөтөлийг Хөрөнгийн биржэд бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болгоё гэж зорьсон учраас өөрт байгаа туршлага, ур чадвараа зориулахаар Хөтөлд хөл тавьсан. Тэгээд л очсон. Түүнээс биш ямар юмных нь МАН-д орсны шагнал байх вэ дээ.

-Тэр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох таны тэмцлийг бас цаанаа захиалгатай хөдөлгөөн байсан гэж харддаг байсан шүү дээ. Тэр яг ямар учиртай тэмцэл байсан бэ?

-Би чинь 1072 ширхэг хувьцаа эзэмшигч. Нөгөө талаасаа мэргэжлийн уул уурхайн эдийн засагч хүн. Хувьцаа эзэмшигчийн хувиар би өмчдөө эзэн болмоор байна. Хулгай луйвар явагдаж байгааг харсаар байж яагаад зүгээр суух ёстой юм бэ. Мэргэжлийн инженер, технократикүүд чимээгүй байгаад байвал энэ хулгай луйвар бүр даамжирч, газар авах байсан. Тийм учраас тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн. Жишээ нь, 2019 онд улсын 3.4 сая хүнд 200 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан бол 2022 оны ногдол ашиг 351 тэрбум төгрөг, 2023 оны ногдол ашиг 864 тэрбум төгрөг байлаа шүү дээ. Яагаад ийм өндөр гарсан гээч. Нүүрсний хулгайг таслан зогсоож, нүүрсийг биржээр ил тод худалдаалдаг болсон учраас тэр. Тэнд хулгай, луйвар, авлига гэж юм байхгүй боллоо. Ингэснээр борлуулалтын орлого нь ердөө нэг жилийн дотор хоёр дахин нэмэгдлээ, ард иргэд баялагтаа эзэн сууж чадлаа. Үүнд жишээ нь, миний хийсэн тэмцлийн нөлөө байгаа гэж боддог.

-Ингэхэд манайд баялаг тойрсон хулгай гэдэг зүйл яагаад ийм гүн гүнзий нүүрэлчихэв ээ?

-Эх орондоо хайргүй, амин хувиа хичээсэн хэсэг бүлэг нөхдүүдээс боллоо л гэж харж байгаа. Надад өөр хэлэх хариулт байхгүй.

-Таны томилолт авч очсон Хөтөлийн цемент шохойн үйлдвэр дээр бас хулгай, луйвар явагдсаныг төрд буцаан авсан гэдэг шүү дээ. Тэнд ямар хулгай явсан бэ?

-Хөтөл бол их том аж үйлдвэр. Шохойн хоёр ордтой, Цемент, Шохойн үйлдвэртэй, Дулааны станцтай, төмөр замтай гээд том том оффисын барилгатай, засварын төвтэй, 300 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөтэй ийм цогцолборыг 2011 онд ердөө 5 өрөө байрны мөнгө буюу 1.2-хон тэрбум төгрөгөөр хувьчилсан. Ингэхдээ тендерийг нь нэгхэн өдрийн дотор шалгаруулаад, дараа өдөр нь цаасны буюу ямар ч хөрөнгөгүй “Бейзмент” гэх компанид шилжүүлчихсэн.

-Хөтөлийн хувьчлалыг цуцалж, төрд буцаан авсан шийдвэрийг зарим нь буруушаадаг. Төр ингэж хувийн бизнесийг дээрэмдэж болохгүй гэдэг байр суурь илэрхийлдэг шүү дээ. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Ер нь бизнес, хулгай хоёроо бид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Төр хэзээ ч хувийн бизнесийг дээрэмдээгүй. Харин тэр бүлэглэл төрийн хөрөнгөөр олдсон, ард түмний хөлс хөдөлмөрөөр бүтсэн том том үйлдвэрийг бүлэглэн хулгайлж авсан тухай асуудал юм. Тэгэхээр хулгай гэдгээ нэг талд нь гаргаад, төрийн болон хувийн бизнес гэдгээ ялгаад ойлгоё, хэдүүлээ. Үндсэндээ “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бүлэг нөхдүүд бизнес хийгээгүй. Харин тэд дээрэм, хулгай, луйвар хийсэн. 

-Тухайн үедээ хууль дүрмийнхээ дагуу л хувьчилж авсан юм биш үү? УИХ-аас хүртэл шийдвэр гаргаад өгсөн гэдэг шүү дээ?

-Бүлэглэлийн дээрэм гэж тэрийг хэлээд байгаа юм. Бүлэглэлд УИХ-ын гишүүд, сайд нар болон Ерөнхийлөгч байсан хүн үйлчлээд явсан нь өөрөө хулгай, луйвар шүү дээ. Тиймээс хувийн бизнес, хулгай хоёрыг ялгах нь зүйтэй. Бид хулгайтай тэмцэж байгаа болохоос биш хувийн бизнестэй тэмцээгүй. Ганцхан жишээ хэлье. 2011-2022 оныг хүртэлх хугацаанд “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй түүний бүлэглэл Хөтөлд 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь аудит, шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Энэ 375 тэрбум төгрөг бол Хөтөлийн 820 ажилтны 20 жил тасралтгүй авах цалин. Энэ бол Хөтөлчүүдийн 20 жилийн ирээдүйн алдагдсан боломж, бодит хохирол.

-“Төр муу менежер” гэдэг ойлголт байдаг шүү дээ. Хувьд очоод овоо ажиллаж байсан үйлдвэрийг төр аваад самраад, идэж уугаад дуусгах нь гэдэг хардлага тухайн үед байсан?

-Төр муу менежер гэдэг мессеж бол улсын стратегийн орд газруудыг цөлмөсөн бүлэг этгээдүүдийн зориуд хийсэн PR-ын ажил байсан. Хувьд очоод сайн, сайхан ажиллах ёстой бол Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр дээр лав тийм зүйл болоогүй. Д.Эрдэнэбилэг гэж хүн Хөтөлийг ашигтай ажиллуулах тухай ер бодоогүй. Үнэхээр хөгжүүлье гэж бодсон бол тэр хүн эзний хувиар үйлдвэрийг ашигтай ажиллуулах ёстой биз. Гэтэл тэгээгүй. Харин түүний оронд, том том саалийн үнээнүүдийг авахын тулд Хөтөлийг ашиглаж байжээ гэдгийг мөнгө, луйврууд нь гэрчилдэг. Жишээлбэл, өнгөрсөн хугацааны алдагдал болох 375 тэрбум төгрөгийн 60 орчим тэрбум төгрөг нь “сахал” Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкаар гүйсэн хиймэл зээл байсан. Энэ зээлийн хүү нь нэг жилийн 8 тэрбум төгрөгийн татан авалттай. Ингээд зогсохгүй хуурамч зээлийнхээ барьцаанд үйлдвэрийн бүх хөрөнгийг тавиад туучихсан байсан даа. Энэ бүх булхай луйврыг нотлох баримтуудыг бүрдүүлээд АТГ, шүүхэд өгсөн, шалгуулж байгаа.

-Хөтөлд таныг анх захирлаар очиход ямар нөхцөл байдал угтав?

-Намайг анх очиход 820 ажилтны нүдэнд гал байхгүй болчихсон байсан. Нийт ажилчдын 70 хувь нь 700 гаруй мянган төгрөгийн цалинг гар дээрээ авдаг, энэ байдлаар 10 жилийн турш тэр хүмүүсийн цалинг нэмээгүй явж ирсэн. Яаж амьдар гээд байгаа юм, бүү мэд. Үнэхээр л энэ үйлдвэрийг хөгжүүлээд сайхан болгоё гэвэл эхлээд хүнээ, боловсон хүчнээ анхаарах ёстой биз дээ?

Ажилтнууд нь зөвхөн Худалдаа хөгжлийн банкинд 4.5 тэрбум төгрөгийн өртэй, НДШ-ийг нь олон жил төлөөгүй, 8 тэрбум төгрөгийн өртэй, нийгмийн бүх үйлчилгээ тэр хүмүүст хаалттай буюу тэр хүмүүсийг яг үнэндээ боолчилж байсан байхгүй юу. Ийм нөхцөл байдал л угтсан. Очоод цалинг нь нэмсэн. Би 20 сарын хугацаанд ажиллахдаа дундаж цалинг 2.8 сая төгрөгт хүргэсэн. Бүх хулгай, луйврыг нь зогсоож, эдийн засгийн үр ашигтай ажиллуулж эхэлснээр хамгийн түрүүнд ажилчид үр шимийг нь хүртсэн. Ажилчид хүртэнэ гэдэг үндсэндээ Хөтөлийн эдийн засаг сайжирч байна гэсэн үг юм. Төрийн өмчид дөнгөж шилжсэн 2022 оны 04 дүгээр сарын 1-нд цалингийн фонд жилийн 10 тэрбум төгрөг байсан бол 2023 оны 12 дугаар сарын 28-нд буюу намайг ажлаа өгөхөд 30 тэрбум төгрөг болж, цалингийн фонд гурав дахин өссөн.

-Үйлдвэр ашигтай ажиллаж эхэлсэн үү?

-Надтай хамт 20 сар ажилласан манай менежментийн баг Хөтөлд юу үлдээсэн бэ гэвэл, цалингийн фондыг гурав дахин нэмэгдүүлсэн. Сүүлийн 10 жил 124.5 тэрбум төгрөгийн алдагдалтай, мөн хугацаанд татварын 36 тэрбум төгрөгийн өр төлбөртэй ажиллаж ирсэн үйлдвэрийг 20 сарын дотор бүх өр төлбөрийг нь төлж барагдуулж, анх удаа нэмэх буюу эхний жилд 11.6, дараа жилдээ 11.4 гээд нийт 23 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллуулсан. 

-Тэгвэл та мэдэгдэхүйц үр дүн гаргасан л юм байна шүү дээ. Гэтэл олон нийтэд бол таны тухай сөрөг мэдээлэл их ирдэг байсан. Янз бүрийн л хэл ам дуулддаг байсан нь ямар учиртай юм бэ?

-Аргагүй шүү дээ. Хөтөлийг хулгайлж, луйвардаж авсан хуучин эзэд нь ямар нэгэн байдлаар харлуулах ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж байсан юм чинь. Тэдний зорилго бол Хөтөлийг төрд буцаан авснаар тэр үйлдвэр дампуурч, үр ашиггүй ажиллаж, очсон захирал нь ажлыг унагааж байна гэж харуулахыг хүссэн явдал. Гэтэл эсрэгээрээ үйлдвэр маш сайн ажиллаад эхэлсэн. Тэгэнгүүт ерөөсөө л Л.Наранбаатар гэдэг хувь хүн рүү нь дайрахаас өөр арга үлдээгүй. Тэгээд л шөнө өдөргүй зөвхөн намайг л онилж аваад балбаж өгсөн дөө.

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бүлэглэлд яагаад тийм чухал ач холбогдолтой байв?

-Хөтөл яагаад анхаарлын төвд байсан бэ гэвэл, Эрдэнэтийг авахын төлөөх мөнгө угаадаг хэтэвч нь байсан болохоор тэр. Тийм ч учраас төр буцаан авсанд асар ихээр хорссон. Нөгөө талаар Хөтөлийн үйлдвэрийг төрд очоод дампуурч байгаа мэтээр харуулах, ойлгуулах хэрэгцээ бүлэглэлд маш их байсан. Цаагуураа шударга ёсны тэмцлийг амжилтад хүрэхгүй гэж харагдуулах сонирхол байсан гэсэн үг. Хэрэв Хөтөл жаахан муу ажиллаад, асуудал дагуулсан бол тэд “Тээр хар аа. Эдний яриад байгаа шударга ёсны тэмцэл ийм л үл бүтэх зүйл. Төр хэзээ ч үйлдвэр ажиллуулж чадахгүй, хувийн өмчөөс булааж авсан үйлдвэрийг тэд ямар болгосныг хар” гээд л суртал ухуулгаа эхлэх байсан. Даанч тэдний хүссэнээр болно гэж юу байхав дээ.

-Та Хөтөлийг хөл дээр нь босгох даалгаврыг нураасан бол өнөөгийн Засгийн газрын зорилгод ч аюул учрах байжээ?

-Ер нь намайг харлуулаад Хөтөлийг дампууруулаад, Дарханы замын бүтээн байгуулалтыг зогсоох сонирхол бүлэглэлд байсан уу гэвэл тийм. Тухайн үед буюу 2022 онд цементийн хомсдол үүссэн байсан уу гэвэл, би үгүй гэж хариулна. Ерөөсөө үйлдвэрлэсэн тоо хэмжээг нь харвал, Дарханы замыг тавьчих хангалттай цемент Монгол Улсад байсан. Хэрэв Хөтөл 2022 онд төрд ирээгүй байсан бол Дарханы зам руу цемент өгөхгүй, Дарханы зам баригдахгүй, бахь байдгаараа байх байсан. Ингэвэл яах вэ, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гал очино, энэ бол шударга ёсны төлөөх тэмцлийг нураахаар оролдсон түмэн оролдлогын нэг жишээ байсан юм. 

-Тэгэхээр бүлэглэлийн эсрэг тэмцэлд та Ерөнхий сайдтай нэг талд зогсож байгаа гэж ойлгож болох уу?

-Ерөнхий сайд хүнд нөхцөлд шударга ёсны төлөө тэмцэж байгаа. Би Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны төлөөх тэмцлийн нэгээхэн хэсэг болж Хөтөл гэдэг үйлдвэрийг хөл дээр нь босгох үйл хэрэгт оролцсон. Энэ утгаараа намайг Ерөнхий сайдын багийн гишүүн гэж ард түмэн харж байгаа. Хөтөл бол бүлэглэлийн эсрэг шударга ёсыг тогтоохоор хийх ёстой 20 ажлын нэг нь л байсан. Миний хувьд, бүлэглэлийн эсрэг тэмцэлд эргэж буцалтгүй орсон хүн. Ямар хэцүү түвэгтэй замаар явахаа ч мэдэж, тооцоолоод өөрийн шийдвэрээ гаргасан. Тийм ч учраас надад ухрах зам үгүй. Энэ бол хувь Наранбаатар юм уу, миний гэр бүлийн тухай асуудал биш. Сайхан Монгол эх орны маань хөгжлийн тухай асуудал юм. Яаж хөгжүүлж, хамгаалж, үр хүүхдэдээ тусгаар тогтнолтой нь өвлүүлж үлдээхийн тухай асуудал.

-2015 онд санагдаж байна. Та тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэж байсан. Тэр таны тэмцэл байсан уу, эсвэл тухайн үеийн бухимдлаас л бий болсон үйлдэл байсан уу?

-Би чинь оймс шидсэн асуудлаасаа болж шоронд оронгоо алдаж байсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн, томоохон орд газруудаа бүлэглэлд алдсан байлаа шүү дээ. УИХ-ын дарга З.Энхболд тэр бүлэглэлд үйлчилж, хууль гаргаж байгаад орд газруудыг өгч байсан. Эргэн саная л даа. Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, миний ажиллаж байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг бүлэглэлд тавиад туучихсан, дээрээс нь Багануурыг өгөх гээд бүх зүйлээ бэлдчихсэн байсан шүү дээ. Бүлэг хулгайчид Монголыг тонож, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж байгааг мэргэжлийн эдийн засагч хүний хувиар ойлгочихсон байсан учраас үүний эсрэг тэмцсэн. Ард түмэндээ дохио өгөхийг хүссэн. Тэгээд л З.Энхболд руу оймс шидсэн юм.

-Гэхдээ таны шидсэн оймс З.Энхболдыг бол оноогүй, тийм үү?

-Миний хувьд тэр үед тухайн хүнийг онож гэмтээхдээ бус, “Эдийн засгийн алуурчидтай болчихсон байна, та нар огцор” гэдэг мессежийг өгөх нь л чухал байсан. Энэ бол Монголын ард түмний ухаарч, сэрэх, дахин зөв сонголт хийх, хулгай луйврыг зогсоох нэг ёсны сигнал байсан юм.  

-Жаахан лавшруулж асууя л даа. Та оймсоо шидэхдээ яг юуг онилсон бэ? Таны бай З.Энхболд биш байсан юм бол хэн байсан юм бэ?

-Би сая хэллээ шүү дээ. Би төр засагт үүрлэсэн хулгайч, луйварчдын эсрэг оймсоо шидсэн.

-Тэгвэл таны шидсэн оймс байгаа оносон уу?

-Би оносон гэж бодож байна. 2015 оноос хойш би яг л энэ тэмцлийнхээ чиг шугамаас гажаагүй, ухраагүй явлаа. Би нүүрсний хулгайг хүртэл бараг бүтэн 10 жилийн өмнөөс ярьсан. Гэвч хэн ч үүнийг тоогоогүй. Шударга үнэний төлөөх тэмцэл цаг хугацаатай, өөрийн гэсэн өртөгтэй, тодорхой эрсдэлүүдийг даван туулж байж ирдэг зүйл юм байна л даа. Хамгийн гол хор хөнөөл нь заавал туулж байж ойлгож байгаа нь тун харамсалтай.

Өнөөдөр нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай луйвар илчлэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Газрын баялгийн үр өгөөжийг ард иргэд шударгаар хүртэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, миний шидсэн оймс 9 жилийн өмнө байгаа оносныг ард түмэн өнөөдөр алдагдсан боломжоороо, стратегийн ордуудаа алдаад, эргүүлж олж авсанаараа, бүлэглэлийг таньж тэдэнд дахин ирээдүйгээ хулгайлуулахгүй байх ухаарал, тэмцлийн гал ассанаар дүгнэж болно. Баярлалаа