Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Улс төр
2024.05.16 14:12
6309
Мэргэжлийн нэгдсэн холбоодын хууль батлагдсанаар Монгол Улс эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орнуудтай ижил түвшинд очих тогтолцоо бүрдэж байна

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, Улсын их хурлын дарга Г.Занданшатар 20 гаруй мэргэжлийн холбоодын төлөөлөлд гардууллаа. Хуулийн хүрээнд мэргэжлийн холбоод нэгдэж, төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм.

Тус хуулийг УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2019 онд санаачлан УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Таван жилийн дараа уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Н.Энхболд,  Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон салбар салбарын холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл ажиллаж, энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд эцэслэн баталсан.

Энэхүү хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших юм.

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Хуулиар зохицуулах гол харилцаа нь эдийн засгийн салбарууд дахь аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоо, мэргэжилтнүүдийн нэгдсэн дуу хоолойг сонсох, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах явдал юм. Түүнчлэн төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх, бодлого тодорхойлоход оролцох замаар төрийн шийдвэр гаргалтыг мэргэжлийн, хараат бус, авлига, хүнд суртлаас ангид байлгахад оршино. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 460 гаруй хуулиас 44 хуульд мэргэжлийн холбоо гэдэг үг орсон. Нэг ёсондоо төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлнэ гэж тусгасан. Гэвч нэг ч хуульд “Мэргэжлийн холбоо” гэдэг үгийг томьёолоогүй байна. Ийм учраас ойлгомжгүй байгаа нэр томьёог цэгцэлж, тэдгээр холбоодын төрийн байгууллагатай харилцах чиг үүргийг нарийвчлан тодорхойлж, хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулахад ач холбогдол өгч байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсад үйлдвэржилт, инновац, технологийг нэвтрүүлэх, өндөр түвшинд хөгжүүлэхэд 12 цогц хууль зайлшгүй шаардлагатай юм. Үүнээс зөвшөөрлийн хууль болон мэргэжлийн нэгдсэн холбоодын хууль батлагдаж байна. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль нь дотроо 13 үүрэгтэй бөгөөд холбоонд элсэж байгаа төрийн бус байгууллага, хувь хүн 13 үүрэг хүлээнэ. Мөн төртэй найман төрлөөр хамтарч ажиллана. Тодорхой зөвшөөрлүүдийг цуцлах, дахин олгох зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн ажлуудыг хийх эрхтэй болж байна. Баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд аливаа хуулийн ажлын хэсэгт багтаж чаддаггүй. Харин одоо ажлын хэсэгт нь багтаж анхнаас нь хамт хэлэлцэн, өөрсдийн саналыг тусгах нөхцөл бүрдэж байна. Тиймээс уг холбооны тогтолцоо нь эдийн засаг өндөр хөгжсөн улс орнуудтай ижил түвшинд аваачих юм. Цаашлаад татварын томоохон реформ хийх ач холбогдолтой. Мөн нэг жишээ дурдахад НӨАТ-ын татвар 10 хувьтай байхад импортын татвар таван хувьтай байгаа нь тэнгэр газар шиг ялгаатайг харуулж байна. Тэгэхээр энэ мэт олон асуудлуудыг мэргэжлийн нэгдсэн холбоо шийдэж, төр засагтайгаа хамтран салбарынхаа эрх ашгийг хамгаалах албан ёсны хууль эрх зүйн акттай болж байгаа нь маш чухал ач холбогдолтой юм.

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд “Мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүнчлэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д хамаарах салбар, дэд салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодоос бүрдэнэ” хэмээн тусгасан байна.

Мөн Мэргэжлийн нэгдсэн холбоо дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

12.1.1.гишүүн мэргэжлийн холбоодыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбарын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

12.1.2.тухайн салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг хангахад мэргэжил, арга зүйн зөвлөмж, дүгнэлт гаргах;

12.1.3.тухайн салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, түүнийг олон нийтэд сурталчлах ажиллагаанд гишүүдээ төлөөлөн оролцох, хэрэгжилтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

12.1.4.төрийн байгууллагын зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

12.1.5.гишүүн мэргэжлийн холбооны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төрийн аль ч шатны байгууллагад төлөөлөх, өөрийн байр сууриа илэрхийлэх;

12.1.6.тухайн салбарт өндөр технологи, инновацыг хөгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

12.1.7.салбарын үйлдвэрлэлийн явц, технологийн түвшнийг тогтоох, үнэлэх, борлуулалт, бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх;

12.1.8.салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

12.1.9.мэргэжлийн үйл ажиллагааны стандарт боловсруулах, нутагшуулахад хамтран ажиллах, хэрэглээний тайлбар, зөвлөмж бэлтгэх;

12.1.10.мэргэжлийн нэгдсэн холбооны баримтлах мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

12.1.11.гишүүн мэргэжлийн холбоодыг төлөөлөн гадаад болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

12.1.12.санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэлэлцэж батлах, бүх гишүүддээ тайлагнах, аудит хийлгэх, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах.

Төрийн байгууллагатай хамтарч ажиллах тухайд:

13.1.1.тухайн салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, стандарт, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий зөвлөл, хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах, санал, зөвлөмж гаргах;

13.1.2.зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг өөрчилж дүгнэлт гаргахад санал өгөх, шаардлагатай тохиолдолд тухайн зөвшөөрлийн хэрэгцээ, шаардлага, эрсдэлийн түвшин, үнэлгээний талаар санал, дүгнэлт гаргах;

13.1.3.хуульд заасан тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг шилжүүлэн авах;

13.1.4.тухайн салбарын стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, мөрдүүлэх, хэрэглээний тайлбар, зөвлөмж бэлтгэх;

13.1.5.хуульд заасан тохиолдолд төрийн байгууллагын зарим чиг үүргийг хууль, гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

13.1.6.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулахад оролцох, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах;

13.1.7.салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтаар суралцагчид эзэмшүүлэх мэргэшлийн түвшнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 17.2, 17.3-т зааснаар тодорхойлоход оролцох;

13.1.8.хууль болон мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэмд заасан бусад зэрэг багтсан байна.