Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2024.05.16 18:12
1676
Говийн бүсэд горилогч эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ?
Саяхныг хүртэл нам жим байж, анхаарлын төвөөс алсуур орхигдож ирсэн Говийн бүсэд өдгөө улс төрийн хүрээнд “гал гарч” байна. Тус бүсэд Монголын хамгийн бийлэг эрхмүүдийн “тулаан” болно. Тэгвэл УИХ-ын сонгуулийн Vll тойрог буюу говийн бүсэд улс төрийн хоёр хүчирхэг намаас нийт дөрвөн эмэгтэй гишүүн нэр дэвших хүсэлтээ одоогоор илэрхийлээд байна.
Тэдгээр дөрвөн эмэгтэйчүүдийн хэн нь хэн бэ? Албан ёсоор говийн бүсийн горилогч хэмээгдэж буй дөрвөн эмэгтэйг та бүхэнд танилцуулъя.
Монгол Ардын Нам 
Б.Саранчимэг
Монгол Улсын их хурлын гишүүнээр хоёр ч удаа сонгогдсон, МАН-ын эмэгтэй гишүүд дотроо нэлээд тулхтайд тооцогддог Б.Саранчимэг гишүүн нь парламентад гурав дахь удаагаа сонгогдохоор Говийн бүсэд нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлээд байна. Анх ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер мэргэжил эзэмшсэн тэрээр хожим МУИС-ын хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээс төгссөн юм. Мөн Б.Саранчимэг гишүүнийг “Мон-Уран”-ы гэгдэх Б.Наранхүүгийн төрсөн эгч гэдгийг нь хүмүүс өдгөө сайн мэддэг болсон байх. Эгч дүүс ээлж дараалан говийн бүсээс УИХ-д сонгогдож, нэг нь сонгогдохгүй тохиолдолд нөгөөх нь эсрэг намаас нь сонгогдсоор нэлээд жилийг илээв. Ямартай ч гэр бүлийнхээ хүрээнд заавал нэг нь УИХ-ын гишүүн байх ёстой хэмээх бодлого баримталдаг гэлтэй.
Мөн Б.Саранчимэг гишүүн нь сүүлийн жилүүдэд хоёр ч асуудалд нэр холбогдоод амжсаны нэг нь БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Хавайн их сургуульд Мэдээллийн технологийн мэргэжлээр суралцаж төгссөн ч тус зээлээ төлөлгүй явсаар, саяхан буюу БЗС-ын шуугиан ид газар авах үеэр, 23 жилийн дараа өөрийн зээлийг эргүүлэн төлсөн байна. Харин дараах асуудал нь Б.Саранчимэг гишүүн өөрийн дүү Б.Наранхүүтэй хамтран эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн төрсөн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльтейр сентр ХХК-д” 2018 оны 8-р сард 800 сая төгрөгийнн зээлийг ЖДҮХС-аас гаргуулан өгсөн гэх баримт юм. Энэ талаар Б.Саранчимэг гишүүний төрсөн дүү УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү “Би дүүгийнхээ ЖДҮХС-гаас авсан зээлийг нь төлчихнө. Бас дүүдээ хоёр тэрбум төгрөг нэмж өгнө” хэмээн их хурлын танхим дотроос мэдээлж байсан удаатай. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын танхимд заавал гэр бүлээс нь хэн нэгэн нь суух ёстой мэтээр аашилдаг тус гэр бүлээс энэ удаад дүү Б.Наранхүүгээ өнжүүлэн, эгч Б.Саранчимэг нь МАН-аас говийн бүсэд нэр дэвших дүр зураг тодроод байна.
 
Б.Уянга
Говийн бүсэд МАН-аас өөр нэгэн залуухан бүсгүй улс төрд үзэхээр өөрийн байр суурийг илэрхийлсэн нь УУХҮ-ын яамны дэд сайд Б.Уянга гэх эмэгтэй юм. Уянгын хувьд тэрээр геологич мэргэжилтэй бөгөөд 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуульд байгалийн ухааны Докторын зэрэг хамгаалсан байна. Түүний хувьд ерөнхийдөө АНУ болон Япон зэрэг улсуудад өөрийн мэргэжлийн дагуу, геологийн салбарт ажиллаж байгаад 2020 оноос МАН-тай нэвт сүлбэлдэж, Үндэсний Геологийн албанд дэд дарга, улмаар ерөнхий геологич, Геологийн бодлогын газрын дарга, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад сүүлд 2024 оны 1-р сард УУХҮ-ын яамны дэд сайдаар томилогдсон байна. Б.Уянгын хувьд сайн геологич байж болох ч төрийн албаны мерит зарчмыг бүхэлд нь алгасан том дарга болсон түүнийг олон нийт Ж.Ганбаатарын хүн хэмээн ярьдаг нь үнэний ортой ч байж мэдэх юм.
 
Ардчилсан нам 
Б.Уянга
Тойрог бүрт нэг эмэгтэй гишүүний квот олгох хуулийн хүрээнд Өмнөговь аймгийн Ардчилсан намын дэд дарга Бадрахын Уянга 2024 оны УИХ-ын сонгуульд Говийн бүсэд нэр дэвших хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн байна. Түүний хувьд анх МУБИС-ийг түүхийн багш, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн бөгөөд хожим МУ-ын Эрдмийн их сургуульд төрийн удирдахуйн докторын зэрэг хамгаалсан юм. Б.Уянга нь бусад горилогчидтойгоо харьцуулахад улс орны хэмжээнд гэхээсээ илүүтэйгээр Өмнөговь аймагтаа түлхүү төвлөрөн ажилласан нэгэн. Түүний ажил албаны байдлыг харвал Даланзадгад сумын 3 болон 2-р сургуульд нийгмийн ажилтан, Даланзадгад сумын Засаг даргын орлогч, Аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар тус тус ажиллаж, улмаар 2023 оны 10-р сараас эхлэн Өмнөговь аймгийн Ардчилсан намын дэд даргаар ажиллаж эхэлсэн байна.
Л.Мөнхбаясгалан
Говийн бүсийн эмэгтэй горилогчдоос “оройхон гараад ширүүхэн дайрч” буй нэг нь “Цензургүй” хэмээн олноо танигдсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэгдэх түүнийг өөрийн хүсэлтээр говийн бүсийг сонгосон гэх. Улс төрд төдийлөн ил гарч ирдэггүй байсан ч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын бодлого, үйл хэрэгт чамгүй олон жил хөшигний ардаас оролцсон түүнийг “шинэ тоглогч” гэвэл үгүй. Говийн бүсийг сонгох болсон шалтгаанаа тэрбээр “оффшор данс нь илчлэгдэж, дэлхийн хэд хэдэн улсын шүүхээр ороод буй Сү.Батболд болон Дорнын говийн “хаан” гэгдэх Б.Дэлгэрсайхан нарыг амлан авч, говьчуудыг хоёр хулгайчаас нь салгаж өгөхийн тулд” хэмээн тайлбарлаад буй.
Түүний говийн бүсэд хийж хэрэгжүүлсэн гавьяа гэвэл Дорноговь аймгийн Замын-үүд суманд сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины араас цензургүй нэвтрүүлэг хийж, үр дүнд нь Замын-Үүд сум камержсан явдал, мөн Тост Тосон бумбын нурууны ирвэс хамгаалагч залуу Т.Лхагвасүмбэрэл агсны араас эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж, тус нурууг төрийн хамгаалалтанд авхуулсан зэргийг нь нэрлэж болох юм.