Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Сонгууль
2024.05.16 18:21
4056
Сонгуультай жилийн буянд зам засварын ажил хурдтай явж байна

Төрийн ажил сонгуультай жил нэг өөр, сонгуульгүй жил нэг өөр явагддаг. Үүний хамгийн тод жишээ бол нийслэлийн зам засварын ажил юм. Сонгуульгүй жилүүдэд нийслэлд зам засварын ажил дулааны улирал эхэлсэн ч нам гүм явсаар яг 9 сард хичээл сургууль, ажил амьдрал эхлэн бум бужигнасан үетэй зэрэгцэн эхэлдэг. Ингээд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн үед замуудаа хаагаад засварын ажил гэх хэзээ дуусах нь мэдэгдэхгүй ажлаа эхлүүлдэг. Яагаад зуны амралт, баяр наадмын үед нийслэлчүүд хотоос гарсан үеэр энэ ажлаа хийж болдоггүй вэ гэж асуухаар тендерээ зарлах, бичиг цаас, зөвшөөрөл авах ажил явсаар ингээд таарчихлаа гэж хариулдаг. Үүнд ч нийслэлчүүд дассан. Гэтэл сонгуультай жил юу болж байгааг харцгаая. 

Улаанбаатар хотын зам засварын ажлыг энэ онд дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ гэж Нийслэлээс мэдэгдэж байв. Энэ хүрээнд зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км замд засвар хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ тодорхой байршлуудын авто замд засвар хийхээс гадна хучилтын хийцийг хүчитгэх, инженерийн шугам сүлжээний худгуудын түвшнийг тохируулж өндөрлөх, хашлага, явган замын засвар үйлчилгээг хийх, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх юм. Энэхүү ажил арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Тэгвэл одоогийн байдлаар хэд, хэдэн байршилд авто замын засварын ажил дуусаад байна.

Тодруулбал,

-"Цэцэг төв"-ийн уулзвараас "Цаг уур, орчны шинжилгээний газар"-ын уулзвар

-Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар

 -Зайсангийн дөрвөн замын уулзвараас "Буган халиун" рестораны уулзвар хүртэлх авто замын засварын ажлыг 2-3   хоногийн хугацаанд хийж, хөдөлгөөнийг нээгээд байна

Дор хаяж нэг сараар нь хааж байгаад засдаг замуудаа бараг өдөрт нь шахуу засаж сайжруулж байгаа нь гайхалтай. Зам засварын ажлыг ийм богино хугацаанд хийж болдог гэдгийг бид харлаа. Гэхдээ энэ бол сонгуультай жилийн буян гэж иргэд ярьж байна. Жил бүр сонгууль болвол төрийн ажил хурдан шуурхай явагдах юм биш үү?