Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Эдийн засаг
2024.05.17 10:25
3327
Ногоон бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 20 сая ам.долларын санхүүжилт татлаа

Ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор ХААН Банк Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-наас 20 сая ам.долларын санхүүжилт авахаар гэрээнд гарын үсэг зурлаа.

“Монголын ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр (MonGEFF)” болон "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр (WiB)”-ийг санхүүжүүлэх, тус бүр нь 10 сая ам.долларын дүн бүхий эдгээр гэрээ 3 жилийн хугацаанд хэрэгжих юм.

MonGEFF-ийн санхүүжилтийг ЕСБХБ болон Уур амьсгалын ногоон сан (GCF)-гаас хамтран бүрдүүлж буй бөгөөд эрчим хүч болон усны хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна. ЕСБХБ-ны ногоон технологийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх баг ХААН Банкны ажилтнууд болон ногоон зээл авах хүсэлтэй харилцагчдад ногоон төсөл, хөтөлбөрүүдийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм.

Үүний зэрэгцээ ХААН Банк дижитал шилжилт хийж буй эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зээлийн шинэ бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлсэн төдийгүй энэ удаагийн санхүүжилтийн 5 сая ам.долларыг тусгайлан энэ чиглэлд зарцуулахаар төлөвлөж буй.

ЕСБХБ-наас өмнө нь ХААН Банканд "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр (WiB)”-ийн санхүүжилтийг гурав удаа, “Монголын ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр (MonGEFF)”-ийн санхүүжилтийг хоёр удаа олгож байсан бөгөөд өмнөх эх үүсвэрүүдээ үр дүнтэй ашигласан учир ийнхүү дахин эх үүсвэр олгож буй.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа "Бид энэ удаагийн санхүүжилтээр ЕСБХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, урт хугацааны итгэлтэй түншлэлээ үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. ЕСБХБ болон ХААН Банкны энэхүү урт хугацаат хамтын ажиллагаа нь ХААН Банкны тогтвортой хөгжилд чиглэсэн стратегийн алсын хараа болон зорилтуудаа биелүүлэх чадамжид итгэл хүлээлгэж буйг нотлон харуулж байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа эерэг өөрчлөлт авчирч, хэмжигдэхүйц үр дүнг бий болгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

ХААН Банкны тухай

ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 545 салбар, нэгж болон цахим сувгуудаар дамжуулан Монгол Улсын хүн амын 82 хувьд буюу 2.9 сая харилцагчид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Улс орны эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг банк бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна ЖДБ-ийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Бид мөн Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд үйл ажиллагаагаа ногооруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр байна.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны тухай

ЕСБХБ нь 1991 онд үүсэн байгуулагдсан олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон 71 улсад үйл ажиллагаа явуулдаг. Нийгэм болон байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийх зорилгынхоо хүрээнд ЕСБХБ өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг төдийгүй өдгөө гурван тивийн 6,400 гаруй төсөл хөтөлбөрт нийт 170 тэрбум евро зориулаад байна.  2024 оны 5-р сарын байдлаар Монгол Улсад нийт 2.3  тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгож, 140 гаруй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд чухал нөлөө, дэмжлэг үзүүлсэн байна. Энэхүү санхүүжилтийн 90 орчим хувь нь хувийн хэвшлийн компаниудыг дэмжихэд зориулагдсан юм.