Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.17 10:59
3930
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн ус хангамж 80 хувиар нэмэгдэнэ
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Мянганы сорилтын II Компакт гэрээгээр Улаанбаатарчуудын усны хэрэглээг урт хугацаанд тогтвортой хангах, нийслэл хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байна.

Бүтээн байгуулалтын ажил 56 хувьтай үргэлжилж байна

Хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, Хаягдал ус дахин боловсруулах, Усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван томоохон төслийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлнэ. Үр дүнд нь Монгол Улсын усны салбарын дэд бүтцийг сайжруулж, хууль эрхзүй, бодлого зохицуулалтын шинэчлэлүүд хийж, Улаанбаатар хотын ус хангамж 80 орчим хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Р.Буанган: Энэ төслийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, хөрөнгө оруулах үүргээ биелүүлж байгаа Засгийн газар, яамд, БНТУ-ын МАПА групп болон туслан гүйцэтгэгч компаниуд, Монголын мянганы сорилтын сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад байгууллагад талархал илэрхийлье. Хоёр орон, ард түмний найрамдлын түншлэлийн илэрхийлэл болсон энэ төсөл Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийгмийн хамгийн том баримжаат төслүүдийн нэг. Энэ бол монголчуудын ахуй амьдралыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг АНУ дэмждэгийн нотолгоо юм. 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөлийн дарга Майкл Помпео нар Мянганы сорилтын II Компакт гэрээг батлан Хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан түүхтэй. Энэ дагуу АНУ-ын Мянганы сорилтын корпорац 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Монгол Улсын Засгийн газар 111.7 сая хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.

Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл: Бид нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд олон салбарт жишиг болох энэ төслийг төлөвлөсөн хугацаанд нь бүрэн хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Өнөөдрийн байдлаар Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт 56 хувьтай, хаягдал ус дахин боловсруулах төслийн гүйцэтгэл 31 хувьтай үргэлжилж байна. Бид дээрх гурван төслийг 2026 оны гуравдугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлэх болно. Энд нийтдээ 3,500 хүн ажиллаж байгаагийн 3000 гаруй нь монголчууд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр:  Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 онд Ерөнхий сайд байхдаа АНУ-д айлчлал хийх үедээ эхлүүлж байсан. 2021 онд энэ үйлдвэрийн шавыг тавьж байсан. Тэгвэл өнөөдөр Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Усны компакт гэрээний нэг чухал хэсэг нь Төв цэвэршүүлэх байгууламжийн дэргэд  барьж буй Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт бөгөөд төсөл 31 хувьтай үргэлжилж байна. Монголчууд өнөөдөр цахилгаан станцынхаа хөргөлтөд, аж үйлдвэр, ахуйн хэрэглээнд ч цэвэр ус ашиглаж байгаа. Тэгвэл энэ үйлдвэр нь саарал усыг дахин ашиглах, хэрэглээг нэвтрүүлэх ач холбогдолтой. Тодруулбал, Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усыг дахин цэвэршүүлэн саарал ус болгоод III, VI цахилгаан станцад шахаж нийлүүлснээр жилд 18 сая куб метр цэвэр ус хэмнэх юм. Энэ бол Монгол Улсын стратегид чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II компакт гэрээний хүрээнд хийгдэж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 56 хувьтай үргэлжилж байна. 2025 оны долдугаар сар гэхэд ашиглалтад орж нийслэлчүүдийн усны хангамж 80 хувиар нэмэгдэх боломж бүрдэх юм байна. II Компакт гэрээний хүрээнд Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр барьж, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулан, үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лаборатори байгуулах юм байна. Тухайлбал Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж Дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ гэж байна. Ингэснээр жилд 18 сая метр куб буюу дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр усыг хэмнэх цаашлаад саарал гэгдэх усыг олон салбарт ашиглах боломж бүрдэх юм байна. Энэ бол том ололт.

Үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм байна. Ингэснээр нийслэлийн ус хангамжийн хүчин чадал 50 гаруй хувиар нэмэгдэх юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар хариуцна. “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах”, “Усны салбарын тогтвортой байдлыг хангах” төслийг цогцоор нь хэрэгжүүлснээр усны салбарын дэд бүтэц, хууль эрх зүй, бодлого, зохицуулалт сайжирч, хотын ус хангамж 80 орчим хувиар нэмэгдэх аж.