Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ
2024.05.17 17:57
4652
Н.Энхболд: Намууд тойргоо худалдаж, хууль бусаар төрийн эрхийг авахыг оролдоод байгаа юм бишүү

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд үг хэлж,  асуултад хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Шүүх заримдаа улс төрд нөлөөлөх гээд байна. Өвөрхангай аймагт болсон сонгуулиар С.Чинзориг, Төмөрхүү нар сонгогдсон байсан. Маргаан үүсээд, шүүхийнхэн хоорондоо ярьж байгаад харьяаллыг нь Улаанбаатар хот руу авчирч байгаад шүүж хоёр сонгогдсон гишүүний эрхийг байхгүй болгож оронд нь өөр хүн оруулж байсан.  Асар их мөнгөөр жагсаалтад орох санал худалдаж авч байгаа талаар яриа яваад байна. Хууль зүйн сайд та үүнийг хянаж байх  ёстой. Тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн 50 хүртэл хувийн зардлыг жагсаалтаар нэр дэвшигч гаргаж болно гэсэн.

Гэтэл юун тэр байтугай санаа зовмоор тоогоор намууд суудлаа, тойргоо худалдаад байна гэсэн мэдээлэл байна. Энэ бол мөнгөөр төр байгуулах эрхийг худалдаж авч байгаа буюу  хууль бусаар төрийн эрхийг авахыг оролдох гэж үзэж болохоор байна. Бид их хурлаа чанартай болгоё, сайжруулъя гээд хуулиа өөрчлөөд байдаг. Ямар ч нүх цоорхойгүй хийлээ гэж бодсон.  Гэтэл өөрсдөө том нүх гаргаад мөнгөөр уралдаад байдаг. Ингэвэл энэ сонгууль юу болж таарах вэ?

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Парламент бол ард түмний дээд байгууллага.Шүүхэд ард түмний сонголтыг засварлах эрх байхгүй. Аль нам нь парламентад олонх болж Засгийн газраа байгуулах вэ гэдэг ард түмний төрөө мэдэх эрх. Энэ өдрүүдэд шүүх засаглал ямар хэмжээнд хонгил үүсгэж явж байсан бэ гэдэг нь илүү тодорхой болж байна. Бид 2001 онд шүүхийн тухай хууль баталсан нь зөв байжээ гэдэг нь улам бүр батлагдаж байна.  Монгол Улсын шүүгчдийн тал нь Ц.Элбэгдорж гэж хүний томилсон шүүгч байгаа. Шүүгчдийг аль нэг нам, гишүүн шууд оролцох нөлөөлөх боломж хязгаарлагдмал. Ялангуяа  шүүхийн тухай хуулиар үүнийг хатуу хориглосон.  2004-2008 оны парламент хоёр гишүүний саналын зөрүүтэйгээр аль нам нь олонхи болохоо шийдэж байсан. Хоёр хүнийг хонгилдоо чирэхэд сөрөг хүчин болж байсан нам нь олонхи болж байсан. Өөрөөр хэлбэл засгийн мэдэл ард түмний мэдэлд, ард түмний сонголт эцсийнх байх ёстой гэсэн Үндсэн хуулийн эрхэд шүүх нөлөөлж байсан. Энэ явдлыг давтан гаргуулахгүй байх дээр онцгой анхаарч байгаа. УИХ-ын сонгууль нэр дэвшигчдийг ямар нэг байдлаар улс төрийн шалтгаанаар баривчлах, саатуулах, ард түмний сонголтод нөлөөлөх оролдлогыг Хууль зүйн сайдын хувьд гаргахгүй.

Харин жагсаалтаа зарах гээд байгаа зарж байгаа, уул уурхайн том компаниас мөнгө гуйгаад явж байгаа тодруулбал, би жагсаалтын 5-д орохоор боллоо. 15 тэрбум төгрөг хэрэгтэй байна. 10 тэрбум төгрөг өгчихвөл болох гээд байна гээд явж байгаа хүмүүс энэ санаархлаа зогсоогоорой.