Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.05.18 19:23
3079
Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг: Эрсдэлээ зөв тооцоолбол уналт ч зөөлөн байдаг

Монгол Улсын Эрүүл мэндийн 26 дахь сайд, доктор, клиникийн профессор, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, “Аллегри мед” эмнэлгийг үүсгэн байгуулагч, зөвлөх зэргийн эмч Аюушийн Цогцэцэгтэй ярилцлаа. 

-Таны хийсэн бүтээсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийг хүмүүс мэддэг. Харин хувь хүн талаасаа Цогцэцэг гэж хэн бэ гэсэн асуултаар яриагаа эхэлье?

-Намайг Аюушийн Цогцэцэг гэдэг. Миний нэрийг аавын маань аав өгсөн юм гэнэ лээ. Миний аав, ээж хоёр оюутан болж есөн сартай би аавынхаа аав ээж хоёр дээр очиж, долоон нас хүртлээ Архангай аймгийн Эрдэнэмандал суманд өвөө эмээдээ тусалж хурга, ишиг хариулж өссөн. Одоо бодоход өвөө маань галын цог шиг өөдөө, цэцэг шиг дэлгэрч яваарай гэж надад нэр хайрласан болов уу гэж тайлж ойлгодог.  Тийм ч учраас өвөөгийнхээ өгсөн нэрийг сэвтүүлэхгүйн төлөө өнөөдрийг хүртэл хичээж яваа жирийн нэгэн эмэгтэй юм даа. Миний өвөө ном уншдаг, эмийн ургамлаар ханиад томуу эмчилчихдэг хөгшин байсан. Би эмээ, өвөөгөө дурсаж ярих их дуртай. Хоёр сайхан буурай маань надад энэ амьдралын замыг хамгийн сайхнаар гэрэлтэй, гэгээтэйгээр нийгэмд хөл тавиулсан ачтанууд. Өвөө, эмээ хоёр минь байхад би “баатар” байж дээ. Тийм ч учраас би одоо ач, зээ нараа өөртөө хэт дасгахаас айдаг. Тэр чигээрээ өнчирдөг байхгүй юу. 

-Сургуульд ороод өвөөгийнхөөсөө явсан гэсэн үг үү?

-Нэгдүгээр ангид ороход аав, ээж хоёр намайг дэргэдээ авсан. Танихгүй айлд ирсэн юмшиг мэдрэмж төрдөг байсан. Өвөө, эмээдээ дасах их хэцүү юм билээ. Орой болгон орондоо ороод уйлаад байгааг аав мэдэрч хамт амьдруулахаар шийдсан. Ингээд өвөө эмээ хоёр минь охинтойгоо хамт амьдрахаар Эрдэнэмандал сумаас Хайрхан сум руу тэр хөгшин болсон хойноо малаа туучихсан, гэрээ аччихсан ирж байсан. Миний амьдралын хэзээ ч мартдаггүй өдрүүдийн нэг бол эмээ, өвөө минь охинтойгоо хамт байх гэж нүүж ирсэн тэр өдөр. Аав, ээж, дүү нартайгаа элэг бүтэн өссөн он жилүүд минь дэндүү сайхан байсан ч өвөө эмээ гэдэг бол ач зээгийнхээ хувьд юугаар ч орлуулшгүй орон зай байдаг. Миний амьдралын бүхий л зүйлс тэр хоёр хүнтэй салшгүй уялдаатай. Хоёр буурайгаа нас барахад нь ямар нэгэн тусламж үзүүлж чадаагүйдээ харамсаж хүмүүст тусламж үзүүлдэг эмч хүн болно гэж шийдэн зорилго тавьж, зорьсондоо хүрсэн.

-Та хэдэн нас хүртлээ тэр хоёртойгоо хамт байв? 

-Өвөө намайг 13 настай байхад өөд болж үүнээс гурван жилийн дараа эмээ минь бурхны оронд явсан. Эмээ, өвөөтэйгээ өссөн хүн хэрсүү, ажилсаг бас жаахан эрх болчихдог юм билээ. Өнөөдөр түшигтэй сайхан ханьдаа, дөрвөн хүүхэддээ эрхлээд амьдарч байгаа нь өвөөгийн минь бурхны судар ном уншиж байсны үр гэж сүсэглэж боддог. Тухайн үед бурхны ном уншихыг хориглодог байсан ч өвөө морио аргамжиж, гараа угаагаад судраа гаргаж чанга дуугаар хүнгэнэтэл сайхан уншдагсан. Би жаахнаасаа дагаж уншсаар байгаад нэлээд хэдэн маань мэгзэмтнй болсон. Хүн юу ч сурсан хэзээ нэгэн цагт хэрэг болдог юм билээ. Аавын бие бүр муудаад хэцүү байсан ч амьсгалын аппаратыг нь зогсооё гэж би өөрөө шийдвэр гаргасан. Тэгээд өвөөгийнхөө зааж өгсөн маанийг аавынхаа чихэнд нь сонсгоод явуулсандаа одоо би баярладаг. Миний аав 2018 онд бурхны оронд явсан. Харин ээж минь арай л эрт 2005 онд өнгөрсөн. Аав, ээж минь бурхны оронд яваад өгөхөөр нутаг ус, нутгийн ахан дүүс яг эцэг эх шиг хүлээж авдаг болчихдог доо. 

-Аав, ээжийнхээ тухай сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Миний ээж УБДС-ийн сурганы ангийг төгссөн багш хүн. Харин аав маань эмзүйч. Манай нутгийнхан аптекийн Аюуш, аптекийн Ааяа гэж авгайлдаг байлаа. Социализмийн үед бүх сэхээтнүүдийг ээлжилж томилолт өгч орон нутагт ажиллуулдаг байсан учир манай аав таван сум дамжиж аптекийн эрхлэгчээр ажилласан. Ээж бид нарт уран зохиолын ном уншиж өгч утгыг нь яриулна. Хэлц, сургаал үг тайлбарлаж өгдөг байсан. Аав тухайн сумын ганц аптекийн хүн учир шөнө гэхгүй л хаалга нүдээд эм авна. Хэн ч хэдэн ч цагт ирсэн миний аав дургүйцэж ялархахгүй ажлаа хийдэг байлаа. Тэгээд аав хүүхдүүдээ төв суурин газар бараадуулж сургуульд сургая гэж даргадаа өргөдөл өгсөөр байгаад 1977 онд манайх аймгийн төв рүү шилжсэн. Ээж дөрвөн дүүтэй онгоцоор явж, би аавтайгаа гэрээ ачаалаад нүүсэн. Тэгэхэд манай Хайрхан сумынхан Сүүжийн дөрөлж хүртэл морьтой,мотоциклтой бид хоёрыг гаргаж өгч билээ. Сайхан дурсамж шүү. 

-Жинхэнэ аавын охин байжээ, та? 

-Ээж багш хүн учраас гэрийн ажлаас хол, тэгээд би чинь аавтайгаа бүх ажлаа хийдэг байлаа. Миний аав байнга дурсамж, хүн чанар, мөн чанар ярина. Өөрөө их олон найзтай, хүн чанартай хүн байж дээ гэж одоо бодогддог. Сумын түргэний машин байхгүй үед мотоциклоороо эмчээ сундлаад дуудлагад явна. Төрөхийн дуудлагад явахаараа нөгөө хүнийхээ хөлийг нэг тал руу нь харуулж суулаад, өөрөөсөө бүсээр уячихсан давхиад ороод ирнэ. Миний аав тийм л хүний төлөө нинжин сэтгэлтэй хүн байсан. Ээж минь их нямбай. Бид нарыг ном их уншуулна, сургамж их хэлнэ. Өнөөдөр би өвөө, эмэээ, аав ээж хоёрынхоо буян заяанд энэ сайхан амьдралыг зохион байгуулж, олон сайхан хүүхэдтэй сайхан явж байна даа гэж байнга боддог. Аав ээжийн минь ард түмэндээ хийсэн буян заяа ихээ. Бид тавуулаа дээд сургууль төгсөж, өнөөдөр тус тусын ажлаа хийгээд л явж байна. 

-Ханийнхаа тухай яриач? 

-Наймдугаар ангидаа аймгийн төвийн сургуульд шилжиж ирээд нэг ангийн нэг ширээний хоёр болж таарсан.Тэр цагаас үерхэж нөхөрлөж яваад оюутан байхдаа амьдралаа эхэлж том хүүгээ төрүүлсэн. Өнөөдөрхоёулаа олон сайхан үр хүүхэд ач зээтай боллоо доо. Би ханийнхаа аав,ээжийг ярих дуртай. Намайг төрсөн аав ээжээс минь дутахааргүй өнөөдрийг хүртэл хайрлаж хамгаалж яваа сайхан буурлуудаа хадам аав ээж гэж хэлэхээс зүрхшээдэг. Миний аав аймгийн намын хорооны нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Агваансамбуу гэж сайхан хөгшин бий. Одоо 95 настай. Нийгмийн идэвх сайтай хөнгөн шингэн сайхан буурай бий. Өнгөрсөн жилийг хүртэл “Үнэн” сонингоо зөөж тараадаг ажилтай байлаа. Харин ээж маань оёдолд ажиллаж байсан уран нямбай хүн байлаа. Бид хоёр дунд сургуулиас замаа холбож өнөөдрийг хүртэл намайг дэмжиж, тусалж, түвшин амгалан амьдруулсан хүн. Миний хань цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн улс төр судлаач мэргэжилтэй. 

-Та эмнэлгийн даргаас төрийн сайд хүртэл албыг амжилттай хашсан. Юуг илүүтэй зарчмаа болгож ажиллаж ирсэн бэ? 

-Би эрүүл мэндийн салбарт 38 жил ажиллахдаа 2 жилийг нь эмчлэгч эмчээр ажиллаж, үлдсэн хугацаанд нь тасгийн эрхлэгч, лабораторийн эрхлэгч гэх мэтээр удирдах ажил хийжээ. Аавынхаа сургаалаар энэ он жилүүдийг туулсан гэж боддог. Өөрөөр хэлбэл хүн удирдана гэдэг удирдагчийн байр суурь ур чадвараас илүүтэй хүн чанар хамгийн чухал. Янз бүрийн л хүнтэй хамтарна. Ингэхдээ тэгш харилцаа үүсгэж,жигд шаардлага тавьж, алдаанд нь дөрөөлж яллах, ажил хийгээгүй хүнийг өргөж сайшаахгүй гэдгийг баримталж ирсэн. Хамт олныг нэг зүгт удирдана гэдэг ерөөсөө зарчмын асуудал юм билээ. Хэнийг ч ялгаж болохгүй. Урам өгөөд л хайрлаап бай. Муу хүн гэж байдаггүй муу удирдагч гэж бий. Алдаан дээр нь дөрөөлөөд хэтрүүлэн гадуурхах зан чанар удирдагчид байх юмбол хамт олон хуваадаж хүндлэл байхгүй болдог. Нөгөө талаас эмч байна гэдэг чинь хүн чанар, мөн чанар, тус чанарын нэгдэл юм шүү дээ. 

-Удирдагч хүн өөрөө ажилтнуудаасаа урам хүсдэг үү?

-Миний аав ээж намайг эхлээд хүний хүнийг бодож бай, тэгэхээр хүссэн хүсээгүй бусад хүмүүс чамайг боддог болно гэж сургасан.Энэ их үнэн үг. Надтай 30, 40 жилийн өмнө хамт ажиллаж байсан хүмүүс холбоотой хэвээрээ л байдаг. Арьсны өвчин судлалын үндэсний төвийнхөн одоо ч хүн хэвтэхэд захирлыгаа магтаж байдаг гэсэн. Ажил дандаа дардам замаар явахгүй, залуус архи дарс ууна, тамхи татна. Ээж нь юмшиг л байлдана. Намайг нэг дуудаад загнахаар  “за нэг тоосоо гөвүүлчихлээ, сар хүчинтэй” гэж ярьдаг гэсэн. Нэг дор олон жил ажиллахаар зан, зангаа мэддэг болж хэн хүнд тунг нь тааруулаад явж ирсэн. Тийм учраас намайг хайрласангүй, надад урам өгсөнгүй гэх мэдрэмж надад нэг ч удаа төрж байгаагүй. Манай арьсны төвийнхөн чинь дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг гэдэг шиг сайхан хүмүүс байлаа. Хамт олны хүчээр байгууллагын орчин, уур амьсгалыг өөрчилж болдог. Хүмүүсийнхээ үндсэн мэргэжлийн хажуугаар курст суулгаад сэлгэн ажиллуулдаг. Эмнэлгийнхээ хашаа, усан оргилуур, сувиллаа хүртэл өөрсдөө барьсан. Ингээд зохион байгуулаад ажиллаад байхаар хамт олон идэвхтэй болж ирдэг. Зөв удирдан чиглүүлбэл хамт олны хүч, тус гэж их юм байдаг. 

-Улмаар та хувийн бизнесээ байгуулаад амжилттай удирдаад явж байна. 38 жил эмнэлгийн дарга, сайдын алба хашчхаад энэ том эмнэлгийг байгуулах амаргүй байсан уу? 

-Ер нь бол хүнд маш их цаг зав байдаг. Харин үүнийгээ үр дүнгүй өнгөрөөдөг юмуу даа гэж боддог. Миний хувьд хүүхэд байхаасаа аавтайгаа модонд явж, угааж цэвэрлэх, оёж шидэх гээд бүх ажлаа би хийдэг байсан учраас зүгээр сууж үнэхээр чаддаггүй. Дөнгөж зах зээл эхэлж байхад хоршооллын бараанд хятад даалимбаар алаглуулж хүүхдийн малгайтай куртик, дотуур хувцас оёж заруулдаг байлаа. Тэрбайтугай урдаас орж ирдэг өвдгөөр татсан хөвөн ноосон эмэгтэй турсикээс бөөнөөр нь авч задлаад хүүхдийн футболка хийдэг байлаа. Миний бизнес ингэж эхэлсэн. Дараа нь хүүхдээ гурван нас хүртэл хардаг үед учраас Эрээн-Улаанбаатар-Москва, Бээжин-Москва гээд наймаанд их явсан. Би өрөнд орохоос их айдаг учраас бүх мөнгөөрөө наймаа хийдэггүй. Талыг нь цааш хийгээд эрсдэл гарвал дахиж хөдлөхөөр тооцдог байлаа. Бас дандаа сайн ашиг унах жижиг бараа л зарна. “Салатница” гээд хуванцар таваг бүр тав нугарна. Вагоны цонхоор самар шиг л зардаг байлаа. Энэ мэтээр бизнес хийж хөл дээрээ нэлээд тогтсон.

-Унах, арга мухардах үе тохиож байв уу? 

-Бизнесийн зам дандаа дардан байдаггүй. Хүнд уналтгүй амжилт гэж бас байдаггүй. Унаад, босоод л явдаг. Харин алдаагаа давтахгүй эрсдэлээ зөв тооцоолох хэрэгтэй. Миний хувьд хийж үзээгүй ажил байхгүй. Ресторан цайны газар ажиллууллаа. Эргээд харахаар эрсдэлээ маш сайн тооцож ажиллавал уналт бага, унасан ч зөөлөн унадаг. Нэг удаа Омскт дээрэмдүүлсэн. ТҮЦ-нээс юм авахдаа түрийвчтэй мөнгөө харуулчихсан юм билээ. Тэгээд шууд хоёр талаас чирээд, сэгсрээд цүнх булаагаад хоёр тийшээ гүйчихсэн. Хүн өөрийн их мөнгө алдсан хүн чинь амь нас аюул эрсдэлээ бодох сөхөөгүй нэгийг нь хөөгөөд бариад авдгийн даваан дээр буу дуугарсан. Буудуулчихлаа даа гэж бодтол харин вокзалын цагдаа хийн буу дуугаргаж дээрэмчдийг бариад авсан. Ингээд цагдаа нар хуягтай машиндаа нөгөө залуу бид хоёрыг суулгаад мөнгө аваад зугатаасан хүнийг олж очиход миний мөнгийг яг тоолоод сууж байсан. 

Хүнд хэзээ ч, хаана ч боломж байдаг. Ажлынхаа хажуугаар өөр давхар ажил хийх, бизнес эрхлэх ч боломж бий. Энэ боломжийг би тусгаар тогтносон монгол улс иргэддээ ийм сайхан боломжийг өглөө гэж ойлгодог. Хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүн илүү амжилттай явна. Боломж дээрээс нь үүнд тохирсон гарц гаргалгаа бол хаана ч байдаг. Сайн сайхан явах гэдэг өөрөөс нь шалтгаалдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Дандаа хүнээс халамж хүртэж мөнгө гуйж амьдрах ёсгүй биз дээ. Өөрөө хөдөлмөрлөөд, сэтгээд явахад унасан ч босоод ирнэ, алдсан ч дахиж давтахгүй туршлага сууна. 

-Та нас насны эмэгтэйчүүдэд хандаад зөвлөөч гэвэл юуг хэлэх вэ? 

-Цаг хугацаа маш хурдан явдаг учир зөв ашиглах хэрэгтэй. Эргээд харахад энэ хугацаанд юу хийвээ гэж харамсахгүйгээр өнгөрүүлэх ёстой. Ингэхдээ сурах, боловсрох, ажиллах, бизнес хийх, мөнгө олох, гэр бүлээ тэжээх, үр хүүхдээ сайн сайхан байлгах, сайн сургуульд сургах, хүнлэг болгох ёстой гээд эмэгтэй хүний хувьд маш их өгөөжтэй үр дүнтэй ажлуудыг хийх хувь зохиолтой төрсөн хүмүүс гэж хардаг. Яагаад гэвэл эмэгтэй хүний хоёр тархи зэрэг ажилладаг. Бид нарт олон давуу тал байдаг. Эмэгтэйчүүд илүү нарийн ухаантай нарийн ширийн юмыг мэдэрдэг хийдэг чаддаг өбайх юмбол эрийн нэрээр орж эмийн нэрээр гардаг шүү дээ. Дайчин л байх ёстой. 

-Та өөрийнхөө хувь тохиол бүхнээ удам угсаатайгаа холбон ярих юм...? 

-Хүний удам их чухал. Миний аав, өвөөгийнхөө удмыг мэддэг учраас Аюушийн охин муу явж болохгүй, удам судар эцэг эхийнхээ нэрийг сэвтээчихгүй юмсан, нутаг усных  нь нэрийг муугаар дуудуулчихгүй болж өгвөл сайнаар мандуулахсан гэж хичээдэг. Аав ээжийнхээ буян заяаг бодож охин нь сайн яваа гэдгээ харуулах юмсан гэж залбирдаг. Би хүнд муудаж өс хонзон санаж чаддаггүй. Хэчнээн тэр хүн намайг ичгүүр сонжуургүйгээр хэмлэж байсан ч би муудаж чаддаггүй. Яахав дээ намайг муулж хоолоо олж идэж байгаа бол миний буян заяа дэлгэрэх байхаа гэж боддог. Би удмаа хайрлаж ухаан зардаг.