Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Засгийн газар
2024.05.19 15:08
1925
Монгол, Япон хоёр орны цэргийн төв эмнэлгийн хамтарсан дадлага, сургалт явагдаж байна

Энэ жил Монгол, Япон хоёр орон дипломат харилцаа тогтоосны 52 жилийн ой тохиож байна. Өнгөрөгч хагас 100 жилийн хугацаанд хоёр орны Засгийн газар, тэр дундаа батлан хамгаалах салбар хоорондох хамтын ажиллагаа улам бүр өргөжсөөр ирсэн. Түүнчлэн 2012 оноос хоёр улсын Цэргийн төв эмнэлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж дадлага, туршлага хуваалцах үйл ажиллагааг тогмол зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.
Харин энэ удаа хоёр орны Цэргийн төв эмнэлгүүдийн хамтарсан "Олныг хамарсан газар хөдлөлтийн гамшиг, ослын үед эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхыг бэхжүүлэх нь" сэдвийн хүрээнд дадлага, сургалтыг зохион байгуулж байна. 

Энэхүү дадлага, сургалт нь Монгол Улсад газар хөдлөлт болон олныг хамарсан гамшиг осол тохиолдох үед Цэргийн төв эмнэлгийн бэлэн байдал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага хоорондын харилцан ажиллагааг хангах, цаашлаад хоёр улсын алба хаагчид харилцан туршлага солилцох өндөр ач холбогдолтой юм. 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус хамтарсан дадлага, сургалтыг нээж хэлсэн үгэндээ "Манай хоёр орны хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжихийн хэрээр батлан хамгаалах салбар хоорондын харилцааны түвшин нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд бүх түвшний гадаад айлчлал, цэргийн алба хаагчдын сургалт, бэлтгэл, Хуурай зам, Агаарын цэрэг хоорондын хамтын ажиллагаа, Инженерийн цэрэг болон цэргийн эмнэлгийн чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр, хамтарсан дадлага, сургалтад оролцох зэргээр өргөн хүрээтэй хөгжиж байна. Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг ослын давтамж нэмэгдэж байгаа өнөө үед болзошгүй аюул, ослын үр дагаврыг бууруулах, иргэдээ авран хамгаалахад улс орнууд бэлэн байх, бэлтгэл хангасан байх шаардлага тулгараад байна. Тиймээс энэ удаагийн дадлага, сургалт нь хоёр улсын алба хаагчид харилцан туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна" хэмээв.