Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.05.27 19:12
7033
Нэгэн зүгт хөдөлмөрлөж яваа үндэсний үйлдвэрлэгчид “Спортын наадмын” аваргуудаа тодрууллаа

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны аварга шалгаруулах “СПОРТЫН НААДАМ” зохион байгуулагдлаа. Энэхүү спортын наадамд эх орондоо үнэт баялгийг бүтээж, олон арван ажлын байрыг бий болгож, салбар бүрд түүчээлдэг үндэсний үйлдвэрлэгчид оролцон өөрсдийн ур чадвар, хурд хүчээрээ өрсөлдөж нэг өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүллээ. Тус  наадамд нийт 20 байгууллагын 300 гаруй баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид оролцлоо.

Спортын наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Тэргүүн Ч.Даваабаяр нээж үг хэлэн нийт баг тамирчдадаа амжилт хүслээ.

Мөн тэмцээний нээлт дээр хөгжөөн дэмжигчдийн охидын хамтлаг үзүүлбэрээ толилуулахын зэрэгцээ “Мoon” хамтлагийн дуучин “Тамирчны алдар” дууг дуулан тамирчдад эрч, урам зориг бэлэглэлээ. Үүний зэрэгцээ Дотоодын цэргийн 805-р ангийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг нийт баялаг бүтээгчдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

“Баялаг бүтээгч – Спортын наадам” нь сагсан бөмбөг, ширээний теннис, дартс төрлөөр эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд “Талх чихэр” ХК-ийн баг тэргүүн байр, эмэгтэй төрөлд “Торгон шир бэлтгэл” ХХК-ийн баг тус тус тэргүүн байр эзэллээ. Дартс төрлийн эрэгтэй ангилалд “Тод оймс” ХХК, эмэгтэй ангилалд “Торгон шир бэлтгэл” ХХК-ийн тамирчид тэргүүллээ.  Ширээний теннисийн эрэгтэй ангилалд “Еден” ХХК, эмэгтэй ангилалд “Талх чихэр” ХК-ийн тамирчид тус тус тэргүүлж, хурд хүч, ур чадвараараа манлайллаа. Мөн тус наадмын шилжин явах цомыг “Талх чихэр” компанийн хамт олон хүртсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Тэргүүн Ч.Даваабаяр: “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос зохион байгуулж буй “Спортын наадам” хоёр дахь жилдээ болж байна. Энэ жилийн хувьд анх зохион байгуулагдаж байснаас илүү өргөн цар хүрээг хамарч байгаа. Үйлдвэрлэгчид ч мөн идэвхтэй оролцож байна. Баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид маань спортоор өрсөлдөхийн зэрэгцээ хоорондоо танилцаж, цаашдын уялдаа холбоогоо сайжруулж байгаа нь үнэхээрийн сайшаалтай. Үүний зэрэгцээ Монгол Улсынхаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдээ нэгтгэн олон төрлийн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулсаар ирсэн. Баялаг бүтээгч спортын наадам сагс, ширээний теннис, дартс гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж байгаа. Харин энэ намраас эхлээд таван төрлөөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Технологийн хөгжлийг дагаад цахим спорт манай оронд идэвхжиж байгаа. Тийм ч учраас энэ төрлийг мөн спортын наадамдаа оруулахаар болсон.

Монлабел” ХХКийн хэвлэлийн цехийн дарга Э.ДоржБидний хувьд хөдөлгөөний дутагдалд орох магадлал өндөр байдаг. Тиймээс нэг өдөр ч гэсэн идэвхтэй хөдөлгөөн хийж, эрүүлээр нөхөрсгөөр хоорондоо өрсөлдөж байгаа нь маш сайхан байна. Төдийлөн спортын тэмцээн, уралдаанд ордоггүй бидэнд ийм гоё боломжийг олгосон “Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо”-ны хамт олондоо туйлын их баярлаж байна. Цаашдаа Монгол орны өнцөг буланд байгаа бүхий л баялаг бүтээгчдийг хамарсан өргөн цар хүрээнд зохион байгуулагдаасай гэж хүсэж байна.

Уг спортын наадам нь үндэсний үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулагдаж буйгаараа ихээхэн онцлууштай юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан амжилттай хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, удахгүй хэрэгжих “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд очиж танилцсан үйлдвэрүүдийн баялаг бүтээгчид энэ удаагийн спорт наадамд хүч сорьж байгаа нь том ялгарал боллоо. Улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан өдөр бүрийг хөдөлмөрлөж өнгөрөөдөг тэд ийнхүү спорт хувцас өмсөн нэгэн өдрийг эв нэгдэл, эрүүл хөдөлгөөнөөр дүүрэн өнгөрөөсөн юм.