Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.05.27 19:20
11158
Монголын Үндэсний Нүүдэлчин Эсгийчдийн Холбоо эсгий урлалыг дэлхийн брэнд болгохоор зорьж байна

Эсгий урлаачид, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Монголын Үндэсний Нүүдэлчин Эсгийчдийн Холбоо байгуулагдаж анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнд соёлын өвийг тээсэн олон гайхалтай бүтээлүүд дэлгэгдсэн байна.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон тус салбарын эрдэмтэн судлаачид, 21 аймгийн 160 гаруй эсгий урлаачид оролцож өөрсдийн өв соёл, үнэт зүйлээ шингээсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэнд оролцлоо.

Монголын Үндэсний Нүүдэлчин Эсгийчдийн Холбоо нь соёлын өвийн судалгаа шинжилгээнд суурилсан эсгий урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн монгол хүн бүрийн хэрэглээ болон улмаар дэлхийн зах зээлд нийлүүлэх монгол брэндийг бий болгохоор зорьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгаа. Тус хөдөлгөөн нь ноос ноолуур, арьс шир, эсгий эдлэлүүдийг дэмжих цогц хөтөлбөр юм. Тэр дундаас эсгий урлалын салбарт ажилладаг хүмүүс нэгдэж анх удаа “Монголын Үндэсний Нүүдэлчин Эсгийчдийн Холбоо”-г байгуулж байна. Монголчуудын хувьд дэлхийн эсгий туургатнуудын нэг юм. Энэ ч утгаараа эсгий урлал манай улсад онцгой хэв шинжээр хөгжсөөр ирсэн. Уг соёлын биет өвийг үеэс үед уламжлуулан ирсэн олон мянган хүмүүс нэгдэж, өөрсдийн бүтээлийг хэрэглээ болгож, хэрэглээгээ бизнес болгож, бизнесээ дэлхийн зах зээлд гаргаж Монгол Улсаа сурталчлах томоохон хэмжээний нэгдсэн холбоог байгуулж буйд талархалтай байна. Нэгдмэл зохион байгуулалттай, нэгдсэн стандартаар бүтээлээ гаргана гэдэг маш том давуу тал. Мөн Монголынхоо түүх, соёлыг олон улсад гаргах зорилготой Соёлын бүтээлч үйлсийг дэмжих тухай хууль болон Мэргэжлийн нэгдсэн холбоодын хууль батлагдсан. Энэ торгон цаг үед “Монголын Үндэсний Нүүдэлчин Эсгийчдийн Холбоо” байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон чухал үйл явдал болж байна.

Хаадын гэр” ХХКийн үүсгэн байгуулагч Д.БолорЭрдэнэБидний холбоо байгуулж байгаа гол зорилго нь 21 аймаг,  330 сум, нийслэлийн 9 дүүргийн уран бүтээлчид, соёлын бүтээлч үйлдвэрлэгчид, энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдыг нэгтгэн дэлхийн зах зээлд эсгий урлалаа таниулахад оршиж байгаа. Монгол орныхоо өнцөг булан бүрд байгаа эсгий урлаачдыг нэгтгэснээр өөр өөрсдийн үндэстэн, ястныхаа уламжлалыг шингээсэн өвөрмөц онцлогтой, нүүдэлчин соёлоо гайхуулсан бүтээлүүд гаргах юм. Мэдээж эдгээр бүтээлүүд нэгдсэн нэг стандартыг баримтална. Мөн хийж байгаа бүтээлүүдээсээ гадна эсгий урлаачдынхаа эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллана.

Монголчууд бид эрт дээр үеэс эсгийг олон янзаар өөрсдийн өдөр тутмын амьдралд хэрэглэж ирсэн бөгөөд бидний түүх, соёл ёс заншилтай салшгүй холбоотой соёлын биет өв юм. Тэгвэл Монгол Үндэсний Нүүдэлчин Эсгийчдийн холбоо ёс заншлаа авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх чухал үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.