Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Сонгууль
2024.06.04 14:20
2300
Ирэх дөрвөн жилийн ирээдүй...

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаа, оноотой ч бид бага багаар урагшилсаар байна. Ардчилсан үндсэн хуулийнхаа ачаар улсаа хэн нь удирдаж, чиглүүлэх үү гэдгийг сонгох эрхээ дөрвөн жилд нэг удаа эдэлдэг. Гэхдээ “дүр эсгэсэн Ардчилал” гэдэг шиг сонголтгүй ч сонголт хийх шаардлага өнгөрсөн хугацаанд цөөн биш удаа үүсэж байсныг олонх нь хүлээн зөвшөөрөх биз. 60 чавганц уралдвал нэг нь заавал түрүүлдэг шиг нэр дэвшигчдийн нэгийг нь хүссэн хүсээгүй сонгож, төрд илгээсээр ирлээ. Гэвч хийсэн сонголтдоо харамсаж,  дараагийн сонголт хийх хүртлээ халаглаж өнгөрөөдөг. Дараагийн сонголт хийхэд өмнөх сонголтоос илүү нэр дэвшигчгүй тулд дахин сонгодог дүр зурагт дасал болсон гэхэд хилсдэхгүй. Точвхондоо улс төрчдөд итгэл үнэмшил улам бүр багассаар ирсэн  нь нууц биш.

Харин энэ жилийн сонгууль Монголын улс төрд шинэ өнгө төрх оруулж ирэх нь ойлгомжтой болж байна. Ирэх дөрвөн жил итгэл, хүлээлтээр дүүрэн байх нь тодорхой. Ингэж хэлэх болсон шалтгаан бол намуудын жагсаалт. Улс төрд боловсролтой, мэдлэгтэй шинэ хүмүүс олноороо орох нь намуудын жагсаалтаас ойлгомжтой харагдаж байгаа.

Тухайлбал МАН-ын жагсаалтын нэгдүгээрт Ганзоригийн Лувсанжамц гэх залууг нэр дэвшүүлсэн. Тэрээр Токиогийн Политехникийн их сургуульд архитектор мэргэжил эзэмшсэн, мөн Токиогийн их сургуульд Хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан инженер залуу. Жагсаалтын 10 дугаарт одоо уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаа ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийг геологийн бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн, АНУ-ын Харвардын их сургуулийн доктор Ганзоригийн Уянга. 16 дугаарт Японы Токиогийн их сургуульд хуульчаар бакалавр, магистрийн зэрэг хамгаалсан, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалж, Нью Йоркийн хуульч, олон улсын арбитрчаар ажилласан туршлагатай, одоо Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа О.Номинчимэгийг нэр дэвшүүлжээ. Мөн Harvard, Yale, Columbia  гэх мэт дэлхийн шилдэгт тооцогддог IVY league сургуулиудад боловсорч, туршлага хуримтлуулсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, намын нарийн бичиг О.Батнайрамдал зэрэг залуус бий. МАН-ын намаас тойрог, жагсаалтад орсон хэдхэн хүнийг сугалж судлахад л ийм мэдлэг боловсрол, туршлага гарч ирж байна. Эдгээр залуус Монгол Улсыг ирэх дөрвөн жил удирдана гэхээр итгэл төрж байгаа юм.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хуралд энэ хэмжээний мэдлэг боловсролтой хүмүүс ингэж олноороо цуглах нь битгий хэл ийм мэдлэг, туршлагатай гишүүний тоо таваас хэтрэхгүй. Харин энэ удаад боловсролтой, чадварлаг хүмүүс олноороо УИХ-ын гишүүн болох нь улс төрийн намуудын судалгаагаар гарчээ. Товчхондоо энэ удаагийн сонгуулийн үр дүн олон нийтийн шаардаж, хүсдэг үр дүн гарах магадлал өндөр гэсэн үг.

Ийм жагсаалт оруулж ирснийхээ төлөө Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эх орныхоо өмнө маш том гавьяа байгуулж байгаа гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. Учир нь эдгээр залуусыг МАН жагсаалтад оруулж ирээгүй бол тэд парламентийн гишүүн болохгүй. Бүр улс төрд орох тухай бодох ч үгүй байсан биз.  

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд мэдлэг боловсролтой, чадварлагаа залуусаа түшиж хөгжилд хүрсэн түүх олон бий. Улс нь зорилготойгоор залуусаа өндөр хөгжилтэй орнууд руу илгээж, эх орондоо эргээд ирэхэд нь ачаа үүрүүлж, хөгжсөн байдаг. Жишээлбэл Япон, Чили гэх мэт улсууд бий.

Тухайлбал 1980-аад оны үед Чили улс залуусаа АНУ-ын шилдэг сургуулиудад бэлдэж, тэдгээр залуус нь эх орондоо эргэж ирээд эдийн засгийн реформ хийсэн байдаг. Энэ жишгийг дэлхий дахинд The Chicago Boys гэж тодорхойлдог.

Япон улс 1868 онд Мэйжигийн хувьсгалыг эхлүүлсэн бөгөөд энэ үед мөн л залуучуудаа олон улсын том сургуулиудад мэргэжил эзэмшүүлж, тэдгээр залуус эргэж ирээд өнөөгийн Япон улсыг бүтээсэн түүхтэй.

Монгол улсын хувьд улсын бодлогоор, хувьсгалийн хэмжээнд мэргэжилтнүүдээ бэлдэж, дэмжээгүй хэдий ч мэдлэг боловсролоо эзэмшээд ирсэн залуусаар төрийн жолоо атгуулахаар болж байгаа нь онцгой сайн хэрэг.

Тэгэхээр эдгээр залуус мэдлэг боловсролоороо үнэлэгдэж, маш их итгэл төрүүлж байгаатай зэрэгцээнд түүнтэй дүйцэхүйц хүлээлт үүсэж байгаа гэдгийг сануулах нь зүйтэй. Олон жил итгэлээ эвдүүлж, цөхрөнгөө барсан Монголчууд эдгээр залуусыг ирэх 4 жилд анхааралтай ажиглаж байна.