Б.Нарангоо
Ерөнхий редактор
2024.06.06 11:18
1718
Сонгуулийн дараа эдийн засаг

УИХ-ын сонгуулийн тухай хуулиа өөрчилж, холимог тогтолцоогоор явуулснаар мөнгөний сонгууль болохоор зайлсхийх, мөнгөгүй залуу боловсон хүчнээ улс төрд оруулах нэгэн дэвшил байв. Гэвч бодит байдалд тийм биш байгааг улс төрчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өчигдөр “Миний  нэр дэвшиж байх үед сонгуулийн зардал 400-500 сая төгрөг байсан. Харин одоо баруун бүсэд томсгосон тойргоор өрсөлдөхөд зардлын дээд хэмжээ 3-4 дахин өсч, 1,5 тэрбум төгрөг боллоо” гэсэн юм. Үнэндээ  томсгосон тойрог мөнгөний сонгууль болж байгаа нь үнэн.

Сонгуульд зориулан “Шинэ хоршоо” хөтөлбөрийг батлан таван их наяд төгрөгийг таван жилийн хугацаанд зах зээлд нийлүүлэхээр болсон. Үүнийг төрийн мөнгөөр сонгууль хийх гэж байна хэмээн сөрөг хүчнээс эхлээд улс төрд суудалгүй намууд шүүмжилсэн ч эрх баригчид олонхийн хүчийг үзүүлж, хуулиа баталсан. Эхнээсээ зургаа орчим тэрбум төгрөгийг иргэд хоршоо хэлбэрээр аваад байгаа  билээ.

Ийнхүү сонгуулийн мөнгөний нийлүүлэлтийн хажуугаар “Шинэ хоршоо”-ны нийлүүлэлт гээд зах зээлд богино хугацаанд их хэмжээний мөнгө орж байгаа нь ханшийн уналтыг улам бүр дэвэргэх нь тодорхой. Одоо Төвбанкны ам.доллартай харьцах төгрөгийн ханш 3381 байна. Арилжааны банкуудад 3399 төгрөгтэй тэнцэж буй. Гэвч сонгуулийн дараа инфляци тэсэрч, ханш тэнгэрт тулна гэх таамаглалыг учир мэдэх хүмүүс дэвшүүлээд буй. БНН-ын дарга Б.Жаргалсайхан  “Сонгуулийн дараа ам.долларын ханш 5500 давна, худалдан авах чадвар улам бүр буурна. Төрийн их мөнгөөр сонгууль хийж байна” хэмээн таамаглаж буй. Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Одоо нийлүүлэгдэж байгаа төсвийн томоохон тэлэлт нь эдийн засгийн өсөлтийг хангахгүй бол инфляци , валютын ханшид хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь бүрхэг байна.Сонгуулийн дараа Засаг солигдсон тохиолдолд өмнөх бодлогыг үргэлжлүүлэхгүй, залгамж халаагүй байх үед эдийн засагт том савалгаа үүсдэг. Төрийн бодлогын залгамж халааг илүү их анхаарах нь чухал” гэжээ.

Үнэндээ инфляци төгрөгийн ханш сулрах нь бидний цалин тэр хэрээр үнэгүйднээ л гэсэн үг. Та бидний цалин түүгээр худалдан авах чадвар суларч буйг орой бүр хоол хүнсээ цуглуулж буй гэрийн эзэгтэй гэрчилнэ. Сонгууль болдгоороо болно. Түүний дараа амьдрал үргэлжилнэ. Төгрөгийн ханшаа салхинд хийсгэчихгүйхэн шиг сонгуульдаад, эдийн засгаа тогтвортой аваад үлдэх юмсан даа.