Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.06.07 15:06
7335
Бяруу, шүдлэн насны эр үхрийг 150 хоног бордон, гарах ашиг шимийг нь хоёр дахин нэмэгдүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд боссон дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн цогцолборт ажиллалаа.

М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай “Мэтагро” ХХК нь олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх зорилгоор 2021 онд байгуулагдсан. Тус компани өнөөдрийн байдлаар дэлхийн жишигт хүрсэн 5000 толгой үхрийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, Евро стандартын мах боловсруулах үйлдвэр, 10 мянган га талбайд үр тариа, тэжээл тариалах ухаалаг газар тариалан бүхий орчин үеийн хөдөө аж ахуйн цогцолборыг бүтээн байгуулжээ.

  • Тус хөдөө аж ахуйн цогцолбор нь нийт 200 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт бөгөөд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлээс 22 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Мөн мах боловсруулах үйлдвэр, үхрийн аж ахуй болон газар тариалангийн тоног төхөөрөмжийг гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан байна.

Хойд Америкийн жишиг 5000 үхрийн аж ахуй: Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, амт чанар, эрүүл ахуйн хувьд олон улсын стандартад нийцсэн мах үйлдвэрлэх зорилгоор Хойд Америк, Австрали зэрэг улсад түгээмэл тархсан үхэр бордох жишиг аж ахуй. Энд 18-24 сартай бяруу, шүдлэн болтлоо бэлчээрт идээшилсэн бага залуу үхрийг малчдаас авч 150 хоног зургаан үе шаттай борддог. Ингэхдээ малын био аюулгүй, тавлаг байдал хангагдсан орчинд, малын эмчийн хяналттай төдийгүй эцсийн бүтээгдэхүүнийг антибиотик болон вакцины үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн зах зээлд нийлүүлэх тогтолцоог бүрэн хангасан . Жилд 12 мянган үхэр бордох хүчин чадалтай.

Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 340 орчим малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна.

Дэвшилтэд технологи бүхий ухаалаг газар тариалан: Ухаалаг газар тариалангийн нэг бүрдэл болох усжуулалтын систем нь манай орны хуурай цаг агаар, эрс тэс уур амьсгалд байгаль цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй газар тариалангийн үйл ажиллагааны суурь болдгоос гадна тогтмол өндөр ургац авах боломжийг бүрдүүлдэг байна. Сүүлийн 2 жил 100 га талбайд үр тариа, тэжээлийн ургамал тариалж жилд дунджаар 7000 тонн ургац хураан авч байна. Харин 2024 оноос эхлэн усалгаатай тариалангийн талбайгаа 200 га болгон нэмэгдүүлж, хүрээлэн буй орчинд ээлтэй технологи, шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.

Евро стандартын мах боловсруулах үйлдвэр: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд хүнсний хангамжийн дэд бүтцийг сайжруулах, үйлдвэрлэлийг дэмжих зээлийн тусламжтайгаар Турк Улсын “Cantek” компанийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий олон улсын стандартад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай тус үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт үйлдвэр гэдгээрээ онцлог аж.

“Мэтагро” ХХК нь нийслэл, орон нутагт 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ. Ингэхдээ орон нутагт ажиллах ажилчдынхаа тав тух, тогтвор суурьшилтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг хангах зорилгоор 144 хүний багтаамжтай “Гардан кемп” ажилчдын хотхоныг ашиглалтад оруулсан байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудад олон талаар жишиг болохуйц бүтээн байгуулалт болсныг аймаг, орон нутгийн удирдлагууд онцолж байлаа.

Орон нутгийн малчдын хувьд “Мэтагро” ХХК-д бяруу, шүдлэн насны эр үхрийг амьдаар нь нийлүүлж эхэлснээр орлого нэмэгдэж, малаа зах зээлээс өндөр үнээр үнэлүүлэх боломжтой болсныг онцолж байлаа. Хэнтий аймгийн Хэрлэн сумын долоодугаар багийн малчин М.Баяраа өнөөдрийн байдлаар тус компанид 30 орчим үхэр нийлүүлжээ.

“Мэтагро” ХХК-ийн зорилго нь бүтээгдэхүүнээ экспортод гаргаж дэлхийн зах зээлд монгол махыг брэнд болгох. Мөн махны чанар муутгаж, хөлдөөхгүй нойтон махаар дотоодын зах зээлээ хангах зорилготой. Ингэхийн тулд төрийн бодлого дэмжлэг, хувийн хэвшлийн хамтрал чухал үүрэгтэй гэдгийг “Мэтагро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Солонго онцолж байлаа.