Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.06.07 21:04
6231
Хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн “Agro Expo 2024” нээлтээ хийлээ

“Agro Expo 2024”  олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарын нэгдсэн хамгийн том үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд салбарын бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагууд, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл болон БНХАУ, ОХУ, БНСУ, Малайз зэрэг 10 орчим орны нийтдээ 80 гаруй байгууллагуудын төлөөлөл оролцож, өргөн цар хүрээг хамран зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үг хэлэн, нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийллээ.

“Agro Expo 2024” үзэсгэлэн нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн үндсэн хоёр салбар болох газар тариалан, мал аж ахуйн салбарыг хамарч ирсэн бол энэ жилээс эхлэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн салбарыг нэмж зохион байгуулж буйгаар онцлууштай юм.

Мөн тус экспо нь газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт хамгийн сүүлийн үеийн шинэ, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо нэвтрүүлж, танилцуулахаас гадна дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх, сурталчлах, олон улсад таниулах зэрэг  олон талын өндөр ач холбогдолтой юм. Эдгээрээс гадна салбар дундын харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн өнөөгийн хөгжил дэвшлийг нийтэд харуулах, шинэ боломж олгох, эрэлхийлэх эрхэм зорилготой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүд амжилттай хэрэгжихэд “Агро экспо” үзэсгэлэн салшгүй холбоотой юм. Учир нь орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж, шинэ инновацийг нэвтрүүлж байж олон улстай хөл нийлүүлэн ухаалаг, шинэ үеийн хөдөө аж ахуйн салбарыг бий болгож чадах юм. Эдгээр технологи болоод шинэ тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсад нэвтрүүлэхэд тус үзэсгэлэн томоохон түлхэц болж байгаа. Энэ чиглэлд өндөр хөгжилтэй гаднын улсуудын компаниуд уг үзэсгэлэнд оролцож шинэ туршлага хуваалцаж, хоорондоо мэдээлэл солилцон, цаашдын хамтын ажиллагаагаа тэлж байна.

Цаашид уг үзэсгэлэн илүү өргөн цар хүрээг хамарч зохион байгуулагдах бөгөөд хөдөө аж ахуйн салбарын хөгжилд чухал түлхэц болж, олон улсын зах зээлд шууд гарах гүүр нь болох томоохон зорилт тавин ажиллаж буйгаа зохион байгуулагчид энэ үеэр онцоллоо.