Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Сонгууль
2024.06.10 18:22
1748
Т.Гүенбаатар: Тухайн тойрогт нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчид нэгдсэн нэг самбарт мэдээллээ байршуулах ёстой

Өнөөдөр улс орон даяар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан СЕХ-ны Мэдээлэл, судалгаа сургалтын төвийн дарга Т.Гүенбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-Өнөөдөр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Хичнээн нам эвсэл, бие даагч үнэмлэхээ гардаж авсан бэ?

Энэ удаагийн сонгуульд оролцохоор бүртгүүлж, батламжаа авсан 19 нам 2 эвсэл байна. Нийтдээ 1316 нэр дэвшигч өнөөдөр үнэмлэхээ авсан. Үүнээс бие даагч нь 42 бий. 

-Албан ёсоор үнэмлэх гардуулаад дууссан уу?

Ер нь бол дууссан. Гэхдээ цөөхөн хэдэн хүн үлдсэн байгаа. Тэдгээр нь орон нутагт холын аймаг сумдад нэр дэвшиж байгаа хүмүүс юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулаад холбогдоод явж байгаа. 

-Сонгуулийн сурталчилгааны хоног хэзээ дуусах вэ?

Өнөөдрөөс эхлээд энэ сарын 26-ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. 

-Өөрөөр хэлбэл санал хураалт болохоос 24 цагийн өмнө дуусна гэж ойлгож болох уу?

Тийм

-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй холбогдуулан хуулийн дагуу хориглох зүйл заалт юу байгаа талаар мэдээлэл өгөөч? Тухайлбал гудамж талбайд сурталчилгааны самбар байршуулах талаар журамд юу гэж заасан бэ?

Энэ удаагийн сонгуулийн хуулинд сонгуулийн сурталчилгааны хэлбэрүүдийг цэгцэлсэн. Хэвлэмэл материал тарааж болно. Интернет орчинд, цахим сүлжээнд сурталчилгаа хийж болно. Харин гадуур байдаг зурагт самбаруудыг цэгцэлсэн. Өмнө нь А хэлбэртэй самбарууд байсан бол түүнийг хориглосон. Түүний оронд нэгдсэн самбар буюу тухайн тойрогт нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчид нэг самбар дээр мэдээллээ байршуулна. Тэндээс иргэд, сонгогчид бүх нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаад харьцуулалт хийх боломж нээгдэж байна гэсэн үг.