Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Сонгууль
2024.06.27 17:03
4405
Аливаа өдөөн хатгалтад авталгүй энх тайван замаар сонгуульдаа оролцохыг уриалж байна

УИХ-ын ес дэх удаагийн  сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-нд буюу маргааш өглөө 07:00 цагаас эхлэх гэж байна.  Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй байх бөгөөд сонгуулийн холимог тогтолцоогоор буюу 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорциональ системээр сонгохоороо онцлог юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Иймээс дөрвөн жилд нэг удаа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ монголчууд бид маргааш эдлэх гэж байна. 

Түүхийн хуудсыг сөхвөл, 1992 онд сонгуулийн ирц хамгийн өндөр буюу 95,6 хувьтай иргэд саналаа өгсөн бөгөөд үүнийг зохион байгуулахад 21 сая төгрөгийг зарцуулж байжээ. Харамсалтай нь түүнээс хойшхи сонгуулиудад сонгогчдын ирц буурсаар 2020 оны УИХ-ын сонгуулийн ирц хамгийн бага буюу 73.6 хувьтай саналаа өгч, 20.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг.

Харин энэ удаад сонгуульдаа хариуцлагатай хандаж, залуусыг идэвхтэй оролцохыг шат шатны байгууллагаас уриалж буй. Ингэж байж залуус хүсч буй нийгмээ цогцлоон бүтээхэд хувь нэмрээ оруулж, парламентийн бүтцийг солонгоруулах учиртай. Энэ удаагийн сонгуульд 2.224.233 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсний 1.143.172 нь орон нутагт, 1.081.061 нь нийслэлд бий. Эдгээрээс 16.259 сонгогч өнөөдөр 09:00 цагаас эхлэн зөөврийн  битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөөд эхэлсэн. 

Сонгогчдын саналыг 2943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулж, дүн гаргах бөгөөд энэ удаагийн сонгуулийн бас нэгэн онцлог бол бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ.  Мөн нам эвсэл, гадаадын 259, дотоодын 30,000 гаруй ажиглагч ажиглаж, олон улсын 12 агентлаг, дотоодын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжлах тул ямар нэг байдлаар “луйврын” шинжтэй үйл явц гарах боломжгүй хэмээн хөндлөнгөөс дүгнэж буй. 

Энэ удаагийн сонгуульд  19 нам, хоёр эвсэл,  45 бие даагч нийт 1336 нэр дэвшигч горилж байгаа нь түүхэндээ хамгийн их хүн нэр дэвшиж буй онцлог сонгуулийн нэгээр зүй ёссор тооцогдоно. Гэвч  эдгээр горилогчдоос 126 нь л төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлнө. Үлдсэн  “гомдогсод” унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр санаатай санаандгүйгээр худал мэдээлэл тараах, иргэдийг өдөөн турхирах, жагсаал цуглаанд уриалах зэргээр Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах оролдлогууд ил далд хийхийг үгүйсгэхгүй. 1992 оны сонгуулиар бид хулганы хамраас цус гаргалгүй энх тайван замаар ардчилал руу шилжиж чадсан шигээ  сонгуулийн үрд дүн ямар байхаас үл хамааран нам, эвслүүд үр дүнг хүлээн зөвшөөрч, иргэдийг талцуулах, өдөөн хатгах учиргүй.

Иймд иргэд сонгогч та бүхэн өөрийн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн ямар нэг байдлаар бусдын бусармаг явуулгад өртөхгүй байхыг сануулъя. Улс төрийн тоглоомд иргэд л хохирч үлддэг гэдгийг энд мөн сануулах нь зүйтэй.