Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.01 13:22
4546
Улсын төсөв уйлдаг: Өнөөдөр 126 гишүүн түр үнэмлэхээ гардан авна

Өнөөдөр сонгуулийн ерөний хорооноос нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр тооцсон тогтоол баталсан. Ингэснээр 126 хүн УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авах юм.

Гэвч УИХ-ын гишүүдийн тоо 126 болсноор өмнөх гишүүдийн адил төсвийн хөрөнгө идэж уух, ах дүү хамаатан саднаараа тендер авч, үр хүүхэд төрөл төрөгсдөө улсын мөнгөөр гадаадад сургах гэх мэт олон "булай" үйлдэл давтахгүй байж чадах эсэхэд иргэд эргэлзсэн хэвээр байна. 

Өөрөөр хэлбэл гишүүдийн тоо 126 болсноор өмнөх 76 гишүүнтэй парламентаас илүү ажиллах шаардлагатайг иргэд хүсч, сануулж байгаа юм. 

Мөн 126 гишүүнтэй болсноор гишүүдийн суух өрөө, тэдний уух коффе цай, туслахууд зэрэг зардлууд нэмэгдэж байгаа. 

Өмнө нь парламент 3 намын төлөөлөлтэй байсан бол энэ парламент 5 намын төлөөлөлтэй болж буй. Эх орноо бүсчилж хөгжүүлэх, 20 минутын хот, дүүргүүдийг хот болгох, метро барих зэрэг олон ажил хийгдэх талаар яригдаж байгаа. Гишүүдийн энэхүү амлалтыг бодит ажил хэрэг болох эсэхийг ч ард иргэд харж суугаа.

Хэрэв дээрх ажлууд өнөө л сонгуулийн өмнөх мянгуужингийн үлгэрүүдийн адил төгсвөл ард иргэд татварын мөнгөөрөө өмнөх 76 гишүүнийг чүү ай тэжээдэг байсан шиг одоогийн 126 гишүүнийг дахин тэжээх шаардлага бий юу гэх асуулт иргэдийг аль хэдийн талцуулаад эхэлжээ.

Тиймээс өмнөх парламентын алдааг давтахгүй байж, ард иргэддээ амласан амлалтаа хүн шиг биелүүлчихдэг, улс төсвийн мөнгөнөөс аль болох бага идэж, улс орныхоо ирээдүйн хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ёстой л чөмөгөө дундартал ажиллах шаардлага 126 гишүүнтэй парламентын өмнө тулж ирээд байна. 

Улсын төсөв уйлдаггүй гэж инээдтэй ч юм шиг хоржоонтой ч юм шиг үг бий. Яг үнэндээ идэж ууж буй хүмүүст улсын төсөв уйлах үгүй нь асуудал биш. Харин уг төсвийг бүрдүүлж буй ажилчин ангид л дээрх үг хамааралтай болж таарах нь. 

Өмнө нь 76-уулаа бялуу хуваадаг байсан бол одоо 126 гишүүн төсөв идээд эхэлвэл улсын төсөв уйлж, ард иргэд элгээрээ мөлхөхөд ойрхон байна. 

Ард иргэд загасны ой санамжтай биш учир хийх үйлдэл, хийсэн ажил, идсэн уусан, хулгайлсан, луйвардсан бүхнийг марталгүй санасаар байгаа гэдгийг ахин сануулж байна.