Улс төр
2024.07.02 13:41
3683
Л.Мөнхбаясгалан: Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүстэй хийх тэмцэл өнөөдрөөс эхэлж байна 

Өнөөдөр шинээр сонгогдсон 126 гишүүд анхдугаар чуулганаа хуралдуулж тангараг өргөсөн. Говийн бүсээс сонгогдсон Л.Мөнхбаясгалангийн тангараг өргөсөн сэтгэгдлийг хуваалцлаа.

-УИХ-ын гишүүний тангараг өргөсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

Говийн бүсийн 7 дугаар тойргоос сонгогдсон. Маш том тойргоос сонгогдсон. Говийнхоны итгэлийг хүлээж Монгол улсын парламентад сонгогдсон учир өргөсөн тангарагтаа үнэнч байж төр ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллана. 

-Сэтгүүлчид парламентад орж байсан зөндөө түүх бий. Зарим нь тааруу ажилласан. Таны хувьд мөн сэтгүүлчдийн төлөөлөл. Өмнө парламентийг гаднаас нь их шүүмжилсэн байр суурьтай байсан. Одоо дотор нь ороод юу хийж чадна гэж бодож байна?

Өмнө нь сэтгүүлзүйн салбараас сонгогдож байсан хүмүүсийн хувьд нөхцөл байдал өөр байсан. Яг одоо миний сонгогдож байгаа энэ үед хэвлэлийн эрх чөлөө гэж манай улсад байхгүй болсон. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө байхгүй болсон. Сэтгүүлчдийг үгэнд ор үгүй бол шоронд ор гэдэг хоёрхон зам руу түлхсэн. Эсвэл худалдагд гэсэн зам бий. Үүнийг өөрчлөхийн төлөө хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажиллах нь миний нэгдүгээр үүрэг юм. Хоёрдугаарт говийн ард түмний эрх ашгийг хамгаална. Тодруулбал говьд экологийн тэнцвэр алдагдсан. Тэнд стратегийн 15 том орд байдаг. Гэвч дандаа гүний ус ашигладаг. Тийм учраас говь усгүй болж 80 хувийн цөлжилттэй болсон. Үүний эсрэг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлж тэмцэнэ. Гуравдугаарт Монгол улсын төрийг шударга бусын хямралд оруулсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүстэй хийх тэмцэл өнөөдрөөс эхэлж байна. 

-Таны хувьд авлигаас хэрхэн ангид байх вэ?

Би өөрөө юу? Би тангарагаасаа няцахгүй л байхад авлига авахгүй. Авлигаас дэндүү хол байх болно. Харин авлигачдад хяналт тавьж хариуцлага тооцохын төлөө парламентад орж ирсэн.