Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.02 14:00
5012
Анх удаа 126 гишүүн сонгогдож эрэгтэй 94, эмэгтэй 32 гишүүнтэй боллоо

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль зохион байгуулагдаж нэр дэвшигчдэд түр үнэмлэхийг олгоод байна.

УИХ-ын 8 удаагийн сонгуульд нийт 608 гишүүн сонгогдон ажилласнаас эрэгтэй 544, эмэгтэй 64 буюу өнгөрсөн 32 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн УИХ-д эзэлж байсан түүхэн дээд амжилт нь 13 буюу 17.1 хувь байлаа.

Гэхдээ энэхүү түүхэн дээд үзүүлэлт нь жендэрийн квотыг 20 хувиар тогтоож, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бодлогын түвшинд нийгмийн бүхий л талууд тууштай, тасралтгүй дэмжиж ажилласны мөрөөр 2016, 2020 оны сонгуулиар бий болсон үр дүн байлаа. 2024 оны УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль нь холимог систем буюу 78 гишүүн тойрогт, 48 гишүүн жагсаалтаар(эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлэн байршуулснаар), жендэрийн квотыг 30 хувиар хуульчлан зохион байгуулагдаж 5 нам эвслийн тойргоос 8 эмэгтэй, 5 нам эвслийн жагсаалтаас 24 эмэгтэй нийт 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь түүхэн дээд амжилтыг 8 хувиар ахиулж 25 хувьд хүргэлээ.

Олон Улсын Парламентын холбооноос (Inter-Parliamentary Union) парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр 2024 оны 4-р сарын байдлаар Монгол Улс 17 эмэгтэй гишүүний тоогоор 190 улсаас 129-р байранд бичигдэж байна. Шинээр сонгогдсон 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр Монгол Улс 96-99-р байр руу, энэ нь 27-30 байраар урагшлах болзлыг хангаад байна. Ардчилал, Сонгуулийг Дэмжих Олон Улсын Хүрээлэнгийн (International IDEA) мэдээлснээр 2024 онд дэлхийн 73 улсад сонгууль болж байгаагаас өнөөдрийн байдлаар 35 улсад сонгууль зохион байгуулагдаж 1 тэрбум 210 сая орчим хүн сонгуульд оролцож саналаа өгсөн байна. Он дуустал үлдсэн 38 улсын сонгуулийн үр дүнгээс хамааран Парламентад эзлэх эмэгтэйчүүдийн тоогоор Монгол Улсын эзлэх байр хөдөлж болзошгүйг тэмдэглэе.