Улс төр
2024.07.02 14:52
3545
Ч.Лодойсамбуу: Тангараг өргөх үед маш их үүрэг хариуцлага мэдрэгдсэн

Бид тангараг өргөсөн шинэхэн гишүүдийн сэтгэгдлийг хуваалцлаа. Сэтгүүлзүйн салбарын төлөөлөл болж парламентад сонгогдсон Ч.Лодойсамбуугаас тангараг өргөх үеийн сэтгэгдлийг нь сонслоо. 

-Тангараг өргөх үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Ер нь анх удаа тангараг өргөж үзлээ. Өмнө нь тангараглая, амлая гэж хэлж байгаагүй юм байна. Сая тангараглая гэж хэлэхэд өндөр хариуцлага мэдрэгдэж байна. Намынхаа гишүүд, бүлгийн гишүүддээ тангарагаа санаарай гэж уриалж бас гуйж байна. 

-Танай намын бүлгийн даргаар хэн яригдаж байна? Томилгоотой холбоотойгоор хоорондоо ойлголцохгүй байгаа юм биш үү?

Манайх зөрчилдөөгүй байх өө. Ганц нэг хүн яриа өгөхөөр зөрчилдөөд байна гэж ойлгоод байх шиг. 

-Нам ялагдсан учир улс төрийн зөвлөл, ҮБХ огцорсон гэж мэдээ гараад байна?

Албан ёсоор огцорсон гэдэг мэдээлэл хийгээгүй байгаа. Ганц нэг гишүүд өөрсдийнхөө дургүйцлийг илэрхийлж байх шиг байна. Дүрмээрээ бол өмнөх суудлаа ахиулсан юм чинь огцрох шаардлагагүй шд. Нам бол дүрэмтэй. Дүрмээрээ явах нь зөв байх. 

-Дүрэмдээ бол 2 өөр юм яригдаад байна. Олонхийг бүрдүүлж чадаагүй бол огцрох ёстой гэж заалт бас бий.

Тэгвэл өмнөхөөсөө бага суудал авсан МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бас яах вэ? Тийм болохоор нам өмнөхөөсөө олон суудал авсан бол огцрохгүй дүрмээ дагах байх. Наана нь бол гишүүд янз янзын юм ярина. 

-Та авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэж тангарагласан. Үүндээ үнэнч байж чадах уу?

Баахан олон ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд сая тангараглаж л байна. Би бол ямартай ч чадна гээд л тангараг өргөчихлөө. Мөн бүлгийн гишүүддээ ч уриалж байгаа юм. 

-Хэр сөрөг хүчин байж чадна гэж бодож байна?

Ухаалаг сөрөг хүчин байж чадна. Зөвхөн сөрөхийн тулд тээг тушаа болоод яваад байхгүй. Болохгүй юм, засах юм бидэнд зөндөө бий. Ийм учраас сайн сануулах болно. Улаан балтайгаа ирсэн шүү дээ би.