Улс төр
2024.07.02 16:55
3449
С.Эрдэнэбат: Түмэн олныхоо дуу хоолой болж ажиллана

Шинээр томилогдсон 126 гишүүн өнөөдөр тангараг өргөсөнтэй холбогдуулж УИХ-ын гишүүдийн тангараг өргөсөн сэтгэгдлээс хуваалцаж байна. Энэ удаа МҮЭХ-ноос УИХ-д орсон С.Эрдэнэбатын сэтгэгдлийг хуваалцлаа. 

-Тангараг өргөхөд юу бодогдож ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Би 20 гаруй жил ажилчин хөдөлмөрчдийн төлөө ажилласан. Хуулийг дутуу батлах, хуулинд алдаа гаргахад яаж жирийн ард иргэд хохирдог вэ? Төсвийг дутуу чиглүүлэхэд яаж олон нийт хохирдог вэ? гэдгийг гадарладаг хүний хувьд илүү ойроос өөрөө гар бие оролцох байдлаар үйлдвэрчний эвлэл болон ард иргэд минь ийшээ илгээсэн. Тийм учраас тэдний хүсэл, хүлээлт, санал шаардлагыг мартахгүйгээр хичээн ажиллана гэж бодож байгаа. Энэ удаагийн парламентад нийгмийн маш олон өнгийн дуу хоолой орж ирсэн. Иргэний нийгмийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадуудын төлөөлөл багтсан. УИХ бол ард түмний тусгал байх ёстой. Ард түмний дуу хоолойг парламентаас олж хардаг байх ёстой. Үүгээрээ онцлог парламент болж байна. Ард түмний эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах учиртай гэж бас хэлмээр байна. 8 сараас төсөв хэлэлцээд эхлэх байх. Ирэх оны төсөвт цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээс эхлээд хүлээлттэй маш олон асуудал байгаа. Энэ бүрт ард түмнээ бодож саналыг нь гуйж авсан шигээ ажиллахыг нийт гишүүдээсээ хүсэж байна. Төрийн өндөр босгонд давж, түмэн олныхоо дуу хоолой болж ажиллана гэж бодож байна.  

-Үйлдвэрчний эвлэл бол Засгийн газар, УИХ-ын сөрөг хүчин нь байсаар ирсэн. Тэгвэл энэ удаагийн сонгуульд жагсаалтаар үйлдвэрчний эвлэлээс таны нэр орж ирсэн нь олон хүний гайхшралыг төрүүлсэн. Үүнд тайлбар хийхгүй юу?

Парламент бол нийгмийн олон хүмүүсийн дуу хоолой байх ёстой. Маш олон компаний захирлууд, маш олон намын хүмүүс орж ирсээр байгаад ард түмэн парламентыг хол гэж ойлгочихсон. Ийм учраас намжсан парламентыг нийгэмжсэн парламент болгох гэж үндсэн хуулинд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог 50-аар нэмсэн. Тийм учраас энэ үзэл баримтлалын үүднээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас нэгээс дээш дуу хоолой байх ёстой гэж үзсэн. Үүнийг түмэн олон ойлгож байгаа байх. Хуулийн нэгхэн үг үсэгнээс хүний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, боловсрол, эрүүл мэндийн асуудал шийдэгддэг. Ийм учраас би энэ чиглэлд дуу хоолойгоо илүү ойроос хүргэж бодлогод шууд нөлөөлөх боломж гарлаа гэж харж байгаа. Үүнийг цаг хугацаа харуулах байх. 

-Та үйлдвэрчний эвлэлийн ажлаа өгчихсөн үү?

Энийг манай хамт олон шийдэх байх. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Би хувийн сонирхлоо их хурлын гишүүн болох гэж ийшээ ороогүй. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын бараг өдөр түтмын ажил өөрөө хууль тогтоомжинд санал өгөх, төсөвт санал өгөх ёстой байдаг. Тийм учраас энэ чиглэлээр оролцож ажиллая гэж ийшээ орсон.