Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал болон түүхэнд тэмдэглэгдэж байна.
Энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлэх юм. Мөн хоёр улсын төрийн тэргүүн “Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж байгаад баяртай байна” гэдгээ илэрхийлсэн юм.
Төрийн тэргүүн нар “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр” байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллана. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо.
Айлчлалын хүрээнд улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, агаарын харилцаа, олон улсын авто тээврийн харилцаа, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэрэг 12 баримт бичигт холбогдох хүмүүс гарын үсэг зурсан зэрэг хоёр улсад харилцан ашигтай олон талт гэрээ байгуулагдлаа.
Тухайлбал:
Ингэснээр Төв Азийн бүс нутагт бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай, саадгүй хүргэх зорилтын хүрээнд Узбекистан Улстай автотээврийн хэлэлцээр байгууллаа. Тус хэлэлцээрийн хүрээнд талуудын нутаг дэвсгэр хооронд болон тэдгээрийн нутаг дэвсгэрээр дамжин гуравдагч улс руу ачаа, зорчигч тээвэр үйлдэх боломжийг бүрдүүлж, улмаар хоёр талын хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр зуучлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа бэхжин хөгжих аж.
Тус хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт мал эмнэлэгтэй холбоотой мэдлэг, туршлага солилцох мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт хийх, хяналт тавих чиглэлээр хамтран ажиллана.
Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд “Монгол – Узбекистаны бизнес форум” болон “Баялаг бүтээгч – Бизнес аялал” зохион байгуулагдлаа. Бизнес форум болон аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа. Төрийн тэргүүний сүүлийн гурван жилийн айлчлалд бизнес форум болон бизнес аялал зохион байгуулагддаг шинэ жишиг хөтөлбөр бий болсныг энэ онцгойлон тэмдэглэж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд гаднын улсуудын зах зээлд нэвтрэх, олон улсад үйл ажиллагаагаа явуулах, гаднын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэх шинэ боломжуудыг бий болгож байгаа юм.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол Улс Бүгд найрамдах Узбекистан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш төрийн айлчлал хэрэгжүүлээгүй. Манай хоёр улс өмнө нь адилхан системээр хөгжиж байсан бөгөөд ардчилсан тогтолцоог сонгоод 30 гаруй жил хамтдаа хөгжиж байгаа орнуудын тоонд ороод явж байна. Узбекистан Улс бол Монголын гадаад бодлогын бас нэг онцлох чиглэл болж байгаа.Бид Төв Ази руу гадаад бодлогоо тэлэх, ижил төстэй хөгжиж байгаа орнууд хоорондоо хамтарч ажиллах асар том боломж байна гэдгийг хоёр талаас олж харсан. Монгол Улсын Гадаад харилцааны яамны хувьд болон миний Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаанд энэ бүс нутгийн хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, эдийн засгийн агуулгаар нь хөгжүүлэх гол зорилтын хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалыг хоёр талаас хоёр жилийн хугацаанд бэлдэж байгаад амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү айлчлалын өмнө Гадаад харилцааны сайдууд уулзсан. Миний бие өнгөрсөн 2023 онд Узбекистан Улсад айлчлал хийж, харилцааныхаа механизмуудын суурь баримт бичгүүдийг зурах асуудлыг ярьж тохирсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлүүдийг олон хэлбэрээр дэмжиж, эрх зүйн суурь орчныг нь бүрдүүлэхэд анхаарч, тэдгээрт чиглэсэн бодлого шийдвэрүүдийг гаргаж байгаа. Тухайлбал төрийн тэргүүн гадаад айлчлалдаа үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийг өргөнөөр хамруулж, зөвхөн бизнес форумд оролцоод илтгэл сонсоод ирэх биш бодит үр дүнд хүрэхэд нь илүүтэй анхаарч байгаа. Гурван жилийн өмнөөс айлчлалд хамрагдсан бизнес эрхлэгчдийг идэвхжүүлж, эрс шинэчлэл өөрчлөлтийг хийсэн. Том компаниудаас гадна жижиг, дунд гээд бүх шатны аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчдийн төлөөллүүдийг айлчлалын бүрэлдэхүүнд багтааж байгаа. Жишээлбэл “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа, гадаад харилцаан дээр дэмжлэг хэрэгтэй байгаа компаниудаа хамруулж тухайн боломжуудаар нь хангаж байна. Мөн тухайн улс орны томоохон бүтээн байгуулалтууд, үйлдвэрүүдээс туршлага судлах, тэдгээртэй танилцах боломжуудыг олгож байгаа. МҮХАҮТ-ын зүгээс тусгай сургалтуудыг зохион байгуулж байгаа. Эдгээрээр дамжуулан манай бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид гаднын байгууллагуудтай эдийн засгийн ач холбогдолтой уулзалтуудыг хийж, хамтын ажиллагааны олон гэрээг үзэглэж байна. Үүнээс гадна хоёр улсын компаниуд хоорондоо шууд холбоо тогтоож харилцаж эхэлдэг зэрэг олон давуу талуудтай. Эдгээр боломжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд бий болгож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалд 40 гаруй аж ахуйн нэгжийн 60 орчим бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид багтсан. Энэ удаагийн айлчлалын онцлог нь жижиг, дунд, том гээд бүх аж ахуйн нэгжүүдийг төлөөллийг оролцуулсан. Ингэснээр бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд гадаад харилцаагаа тэлэх, шинэ зах зээлд гарах асар том боломжийг ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд олгож байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан бизнес форум, бизнес аялалд Монголын талаас ч, тухайн орны талаас нь маш их ач холбогдол өгч, өндөр түвшинд зохион байгуулсан. Тиймдээ ч ганцхан илтгэл сонсоод, өөрсдийнхөө илтгэлийг танилцуулахаас илүү шууд харилцаа холбоо тогтоож, үр дүнд хүрч, олон ашигтай гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Энэ жишиг гурван жилийн өмнөөс тогтсон. Үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн хувьд ч маш их талархалтай байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ удаагийн айлчлалаар Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс харилцан ашигтай 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ дунд үйлдвэрлэгчдэд ашигтай болоод тэдний гадаад харилцаанд тулгамдаад байсан асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцсон. Тухайлбал Монгол Узбекистаны тээврийн салбарт олон ахиц гарахуйц гэрээ, хэлэлцээр хийгдсэн. Ингэснээр хоёр улсын бизнес эрхлэгчид хамтран үйл ажиллагаагаа явуулах, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд асуудалгүй болж байгаа юм. Манай орны хувьд хөдөө аж ахуйн нөөц бололцоо асар өндөр. Тиймдээ ч Узбекистаны талаас мах, махан бүтээгдэхүүн авах сонирхол их байгаа. Энэ тал дээр ч мөн ”Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр” байгуулсан. Мөн дээр дурдсанчлан бизнес аяллыг хийдэг. Энэ бол бас нэгэн том дэмжлэг юм. Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд тухайн улсын хамгийн том бүтээн байгуулалттай үйлдвэрлэгчдийг танилцуулж, туршлага судлуулж байгаа. Эцэст нь хэлэхэд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлал бүх талаараа ашигтай, олз омог дүүрэн болж өндөрлөлөө.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: Узбекистан Улсад хийсэн айлчлалын хүрээнд ХХААХҮЯ тус улсын Хөдөө аж ахуйн яамтай хоёр гэрээ байгууллаа. Тодруулбал, “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”, “Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгууллаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улс руу мах махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг дайван бүтээгдэхүүн экспортолж байгаа. Харин дээрх хоёр гэрээ байгуулагдсанаар илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах боломжтой юм. Жишээлбэл, бог бод малын мах болон амьд бог малыг тус улс руу экспортлохоор боллоо. Харин манай улсын хувьд Узбекистанаас жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хөвөн даавуун материал зэргийг импортоор авахаар тохиролцлоо.
“Монгол – Узбекистаны бизнес форум” зохион байгуулагдаж хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Тус үйл ажиллагааны хүрээнд Монгол Узбекистаны бизнес эрхлэгчид харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьж, цөөнгүй аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг байгуулсан арвин үр өгөөжтэй үйл явдал боллоо.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулах боллоо. Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм.
Энэ үеэр “Таванбогд солюшнс” ХХК, “Монгол базальт” ХК, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс” зэрэг аж ахуйн нэгжүүд Узбекистаны талтай хамтрах гэрээ, хэлцэл хийлээ. Тухайлбал эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг “NURA” төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо. Мөн “Монгол Базальт” ХК, “Базальт Узбекистан” групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна. Эхний шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн юм.
УИХ–ын Гишүүн, МҮХАҮТ–ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин: Узбекистан болон Монголын хооронд эдийн засгийн асар том боломж байна гэж харж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн айлчлал хоёр орны хамтын ажиллагааны маш том суурь болж байна. Энэ хүрээнд олон аж ахуйн нэгжүүд шинэ хамтралыг бий болгон, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр тохиролцож, гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Учир нь тус улсын зах зээл өөрөө маш сонирхолтой. Бидний хувьд соёлын болоод бусад олон зүйлсээрээ ижил төстэй тул ойлголцоход илүү дөхөм. Мөн Монголоос арав дахин том зах зээл байна. Үүний дээр сүүлийн жилүүдэд асар хурдтай хөгжиж байгаа. Тиймдээ ч Монголын бизнес эрхлэгчдэд Узбекистанд маш их боломжууд бий.
“М-Си-Эс групп”-ын Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал: Манай улсаас БНУУ-ын зах зээл 10 дахин том учраас бид хөрөнгө оруулалт сонирхол их байна. Түүнээс гадна манай монголын компаниуд өөрсдийн хөрөнгө оруулалт хийж чадах хэмжээнээс гадна шаардлагатай тохиолдолд бидэнтэй хамтардаг хөрөнгө оруулагчид БНУУ-д хөрөнгө оруулах, хамтрах хүсэлтэй байгаа. Манай компанийн хувьд Узбекистаны өсөж байгаа том зах зээлд эхний ээлжид цахим худалдааны чиглэлээр, дижитал банк, санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхол байна. Мөн гуравдагч зах зээл, азийн хөрөнгө оруулагчид хамтарч хөрөнгө оруулалт хийх чиглэлээр судалгааны ажил эхлүүлээд явж байна. Манай компанийн хувьд Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн эрчимжсэн мал аж ахуйн өндөр зэрэглэлийн махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд эхэлсэн. Энэ бүтээгдэхүүнийг БНУУ-ын зах зээлд гаргахыг эрмэлзэж байна.
“Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд: Төв Азийн түүхэн холбоотой БНУУ хүн ам зүйн байрлалын хувьд ч том зах зээл. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч бидэнд том боломж гарна гэж харж байна. Манай компанийн хувьд Узбекистан улсын “Базальт Узбекистан” компанитай сүүлийн нэг жил хамтарч ажиллаад Узбекистаны зах зээлд хамгийн сүүлийн үеийн өндөр технологийн хамтарсан компани байгуулахаар шийдэгдсэн энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад төрийн айлчлал хийж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Бид хамтарсан компаниа байгуулж, хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр гэрээнд гарын үсгээ зурлаа. Бид Төв Ази тэр дундаа энэ бүсэд хараахан нэвтрээгүй технологи суурилагдсан, жилд 45 мянган тонны хүчин чадалтай шинэ үйлдвэрээ БНУУ-д байгуулж байгаадаа бахархалтай байна.
“Мунхбумууд” ХХК-ийн Ерөнхий менежер Б.Тэмүгэ: Ерөнхийлөгчийн гадаад айлчлалд анх удаагаа багтсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ хүрээнд зохион байгуулагдаж байгаа бизнес форум өндөр түвшинд боллоо. Манай компанийн хувьд өөрсдийнхөө бүтээгдэхүүний дээжийг Узбекистан Улсын үйлдвэрлэгчдэд танилцуулаад нэлээдгүй харилцагч нартай уулзалт хийж, харилцаа холбоогоо тогтоож, цаашдын хамтын ажиллагаагаа эхлүүлэх талаар ярилцлаа. Узбекистан Улсыг боломжит шинэ зах зээл гэж харж байгаа.
“Баялаг бүтээгч – Бизнес аялал”
Төрийн айлчлалын нэгэн шигтгээ нь үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид байв.
Айлчлалын бүрэлдэхүүнд 40 гаруй аж ахуйн нэгжийн 60 гаруй үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл багтсан бөгөөд Бүгд Найрамдах Узбекистан улсын үйлдвэрүүдээр танилцах “Баялаг бүтээгч – Бизнес аялал”-ыг хийлээ.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагддаг “Баялаг бүтээгч – Бизнес аялал” нь дотоодын үйлдвэрлэгчдийн уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг эхлүүлэх, бэхжүүлэх, шинэ туршлага судлах, үйлдвэрлэл, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд онцгой нөлөө үзүүлдэг.
Өнгөрсөн аяллуудаас:
Мөн дотоодын төдийгүй гаднын үйлдвэрүүдээр ч аялал хийн цар хүрээгээ улам бүр тэлсээр байна. Тухайлбал Франц, Вьетнам, Лаос зэрэг улсуудын хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээр бизнес аялал хийсэн. Тэгвэл энэ удаад Бүгд Найрамдах Узбекистан улсын томоохон үйлдвэрүүд болох “Texnopark”, “It park” зэрэг аж үйлдвэр болон компьютерын технологийн чиглэлээр Төв Азидаа томоохонд тооцогддог бүтээн байгуулалттай танилцах завшаан олдсон юм. Узбекистан улсын хувьд хөвөн үйлдвэрлэл, нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдгийг бид бүгд сайн мэднэ. Тэр ч утгаараа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Bakan tex” , “Aya global tex” зэрэг техник, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний чанараараа тэргүүлэгч үйлдвэрүүдээр танилцлаа.
Үйлдвэрлэгчдийн төлөөлөл:
“Жүр үр” ХХК–ийн захирал Б.Мөнхзул: Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлалынхаа үеэр үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ багтааж буйд талархалтай байна. Айлчлалын үеэр зөвхөн бизнес форум, уулзалт зохион байгуулаад зогсохгүй бизнес аялал хийлгэж байгаа шинэ хөтөлбөр нь үнэхээр өгөөжтэй санагдаж байна. Бид яг бүтээн байгуулалт хийгдэж байгаа тухайн үйл явцтай нь танилцсанаар илүү мэдэх, мэдрэх боломж олдсон.
“Агро нэгтгэл трейд” ХХК-ийн захирал Л.Нямсүрэн: Энэхүү бизнес аяллаараа бид гаднын улс, орны туршлага судалж байна. Узбекистан улсын хувьд төрийн нэгдсэн бодлогоор, цогцоор нь шийдвэрлэж бүтээн байгуулалт хийсэн нь их таалагдлаа. Бидний хувьд үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх шинэ санаа, туршлага цөөнгүй байна. Мөн төрийн өндөр айлчлалд багтаж, гадаад зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлэх боломжтой болсондоо баяртай байна.
TEXNOPARK
Технопарк нь 20 үйлдвэрийг багтаасан цогцолбор бөгөөд төв азидаа хамгийн томд тооцогддог байна. Тус парк нь гэр ахуйн цахилгаан бараа, хөргөлтийн системүүд, барилгын материал болон инновацад суурилсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнээ төв азийн бүх орнуудад төдийгүй европын улсуудад экспортолдог бөгөөд Монгол Улс руу ч мөн бүтээгдэхүүнээ гаргаж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.
IT PARK
IT Park нь 2019 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 28 төрлийн шинэ гарааны бизнесийг үүсгэн хөгжүүлж, мэдээллийн технологийн чиглэлээр олон арван төслүүд хэрэгжүүлээд зогсохгүй хүн амын дунд компьютерын мэдлэгийг түгээн дэлгэрүүлдэг цогцолбор юм.
BAKAN TEX
Бакан Текс компани нь 100 хувь хөвөн даавуун утас үйлдвэрлэдэг бөгөөд энэ чиглэлд салбартаа тэргүүлэгчдийн нэг юм. Тус компани нь жилд 14,500 тонн хөвөн даавуун утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүтээгдэхүүнээ Польш, Македон, Португал, Орос, Киргиз , Турк, Пакистан, Хятад, Египет зэрэг орнууд руу экспортолдог байна.
AYA GLOBAL TEX
Aya Global Тех нь нэхмэл бүтээгдэхүүний салбартаа тэргүүлдэг компаниудын нэг бөгөөд 100 хувь хөвөн даавуу болон лайкра, полиэстертэй сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тус компани нь орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон бөгөөд олон улсын стандартад нийсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Ийнхүү “Баялаг бүтээгч – Бизнес аялал” Узбекистан улсаар амжилттай үргэлжилж, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид богц дүүрэн шинэ мэдлэг, туршлагатай буцлаа.
Холбогдолтой нийтлэл: https://hunsniihuvisgal.mn/post/96854
Холбогдолтой видео: https://fb.watch/t7cxsL60_4/
Узбекистанд хийсэн айлчлалын нэвтрүүлэг бүтэн үзэх: https://www.facebook.com/share/v/3bqdG5g584MyqW6x/?