Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.05 11:21
3965
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 2020 онд 26 сая төгрөгийн орлоготой байсан бол 720 сая төгрөгийн хөрөнгө орлоготой болжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргад Б.Пүрэвдоржийг нэр дэвшүүлэн, чуулганд 110 гишүүн оролцож 100 хувийн санал авч УИХ-ын дэд даргаар томилогдсон.

Тэрээр 720 сая төгрөгийн хөрөнгө орлоготой,Үл хөдлөх-460 сая, тээврийн хэрэгсэл-144 сая, мал-23 сая, үнэт эдлэл-45 сая, Хадгаламж-1 сая. Өр зээл, авлага байхгүй гэж мэдүүлжээ.  

Харин 2020 онд өөрийн хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлэхдээ жилийн орлого 26 сая 526 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь нийт орлого 18 сая 892 төгрөг. Тэрбээр 210 сая төгрөгний нэг нийтийн орон сууцтай бөгөөд 124 сая 750 мянган төгрөгний Lexus, 570 маркийн автомашинтай.

Б.Пүрэвдорж гишүүн 38 сая 500 мянган төгрөгний үнэ бүхий мал аж ахуйтай. Харин түүний үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийн нийт дүн нь 45 сая төгрөг. Тэрбээр дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, дансандаа 2 сая 663 мянган төгрөгтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Баруун Монгол Интернейшнл” ХХК, “Эрдэнэс таван толгой ХК”-аас ногдол хувь эзэмшдэг гэж мэдүүлж байжээ. 

Б.Пүрэвдорж намтар: 

Б.Пүрэвдорж 1973 онд Ховд аймагт төрсөн. Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар 1994 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн байна. Б.Пүрэвдорж гишүүн Англи, Орос хэлтэй.

Ажлын гараагаа 1995 онд Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцагчаар эхэлсэн. Б.Пүрэвдорж 2009 хүртэл ажилласан бөгөөд албаны дарга хүртэл дэвшсэн.

2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаад 2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдон 2014 он хүртэл ажилласан.

2014 оноос хойш нэг жилийн хугацаанд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин парламентад анх удаагаа сонгогджээ.

Мөн 2020 оны сонгуульд дахин нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байсан бол энэ удаагийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж УИХ-ын дэд даргаар томилогдоод байна.