Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.07.05 12:59
4393
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал Др.ЧУ Донгиу монголд хийх айлчлалтай холбогдуулан албан уулзалт хийлээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирал, доктор ЧУ Донгиу Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад энэ сарын 10-12-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь ЧУ Донгиу ХХААБ-ын Ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш Монголд хийх анхны айлчлал бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Др. ЧУ Донгиу наадмын хүндэт зочноор Монголд айлчилна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Др. ЧУ Донгиу-ын манай улсад хийх айлчлалтай холбогдуулан НҮБ-ын Монгол дахь ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр-тай /2024.07.01/ албан уулзалт хийлээ. Тэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирлын манай улсад хийх өндөр түвшний айлчлалын талаар ярилцаж, Монгол Улсад хэрэгжиж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаар харилцан санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр НҮБ-ын ХХААБ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр олон ажил хийж байгааг онцлов.

Айлчлалтай холбогдуулан НҮБ-ын Монгол дахь ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр-ыг /2024.07.05/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дээрх айлчлалын хүрээнд ярилцаж, шийдвэрлэх асуудал болон цаашид НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Др.ЧУ Донгиу айлчлалын үеэрээ Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадавх бүхий хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцоо бий болгох, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах юм.

ХХААБ-ын Ерөнхий захирлын айлчлал нь Монголд хүнсний хангамжийн тогтвортой, хүртээмжтэй тогтолцоог бий болгоход ХХААБ-ын дэмжлэгийг бататгана

Өнгөрсөн жилүүдэд Монгол-ХХААБ-ын хамтын ажиллагаа тэлж, найдвартай түншлэл бий болгосны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн улс орон даяар амжилттай хэрэгжиж байгааг сайшааж байсан юм. НҮБ-ын ХХААБ нь “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

Айлчлалтай холбогдуулан НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.ОдбаярМонгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нартай тус тус албан уулзалт хийлээ.