Улс төр
2024.07.05 15:26
5911
О.Цогтгэрэл: Албан тушаалын төлөө бус ажил хэргийн төлөө хамтарч болно

Сонгуульд ялалт байгуулсан МАН-ын зүгээс эвслийн засгийн газар байгуулж АН, Хүн намуудыг Засгийн газарт орж хамтран ажиллах санал тавьсан. Өчигдөр Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж саналыг хүлээн авах болсноо зарласан. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаар томилогдоод буй УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Засагт орохгүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлээд байгаа юм. Түүнээс АН-ын улс төрийн зөвлөл шийдвэр гаргасантай холбоотойгоор тодруулга авлаа. 

-Засгийн газарт АН хамтран орохоор болсон. Үүнтэй холбоотойгоор таны байр суурь өөрчлөгдсөн үү?

Миний хувийн байр суурь бол Засагт орохгүй гэдгээ би удаа дараа тодорхой хэлж байгаа. Гэхдээ нам, намын эрх бүхий байгууллага шийдвэр гаргасан бол УИХ дахь бүлэг, бүлгийн гишүүд биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байгаа.

-Өчигдөр танай намын улс төрийн зөвлөл хамтрах нь зүйтэй гэж шийдвэр гаргачихсан уу?

Яг хамтрах нь зүйтэй гэж шийдвэр гаргаагүй. Зөвшилцөлд ор гэсэн шийд гарсан. Хамтрана гэдэг эцсийн шийдвэр гараагүй. 

-Танай намын зүгээс яг ямар шаардлагыг тавьж байгаа вэ?

Намын даргын зүгээс үүнийг албан тушаалын төлөө биш ажил хэргийн төлөө хамтрах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Ажил хэргийн төлөө гэдэг нь ард иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн зүйл заалтууд дээрээ ажлын хэсэг гараад ажиллая гэж байгаа юм. 

-Хамтарсан Засгийн газарт орох эсэхээ ард иргэдээс асууна гэх мэдээлэл яваад байна. Үнэн үү?

Тийм зүйл байхгүй. Ард иргэд нэгэнт сонголтоо хийчихсэн шүү дээ

-Хэрвээ хамтарсан Засгийн газарт орвол сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй болох уу?

Мэдээж нэг Засгийн газарт орвол дундын мөрийн хөтөлбөртэй болно гэсэн үг. Тэгэхээр тэр болгон бүлгийн зүгээс улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахгүй. Гэхдээ бурууг буруу, зөвийг зөв гээд ялгаж салгаад ажиллана. 

-Ардчилсан намд 8 сайдын суудал өгнө гэсэн мэдээлэл гараад байна?

Тэр тоон дээр мэдээлэл алга. Ирэх даваа гарагт олон зүйл тодорхой болох байх.