Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.08 11:39
5217
Чанаргүй боловсролын программаар чансаагүй төгсөгч, чадваргүй боловсон хүчин бэлтгэсээр байх уу

ЭШ-ын дундаж оноо өмнөх жилүүдийнхээс буурч, их дээд сургуулиудын босго оноо багасаж чанаргүй боловсон хүчин бэлтгэгдсээр удаж байна. 

2024 оны элсэлтийн шалгалт энэ сарын 4-ны өдөр эхэлж, 7-ны өдөр албан ёсоор дууссан. Харин энэ жил 35,939 төгсөгч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд 77 шалгуулагч хамгийн өндөр оноо авсан байна.

Тодруулбал, - Англи хэлний шалгалтаар нийт 35 шалгуулагч 800 оноо

- Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1 шалгуулагч 800 оноо(Өвөрхангай аймаг)

- Химийн шалгалтад улсын хэмжээнд 8 шалгуулагч

- Нийгэм судлалын шалгалтад улсын хэмжээнд 31 шалгуулагч

- Газарзүйн шалгалтад улсын хэмжээнд 2 шалгуулагч 800 оноо авчээ. 

Гэвч математикийн элсэлтийн шалгалтын дундаж оноо өмнөх жилүүдийнхээс эрс буурсан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, Математикийн шалгалт 23 мянга гаруй шалгуулагч өгсөн ч ердөө 2 хувь нь л 60-аас дээш оноо авсан байна. Энэ нь жил ирэх тусам шалгуулагч нарын мэдлэг чадвар, чансаа муудаж байгааг илтгэж байна.

Нөгөө талдаа ерөнхий боловсролын хичээлийн программ муу байгааг ч харуулж байгаа юм. Элсэгчдийн шалгалтын оноо жил бүр муудсанаар их дээд сургуулиудын босго оноо ч дагаад буурчээ. Энэ нь нөгөө л мэдлэг, чадвар, дутуу боловсорсон чанаргүй боловсон хүчин бэлтгэлээ гэх шүүмжлэлийг араасаа дагуулдаг.

2024-2025 оны хичээлийн жилд элсэлт авах үндэсний Босго оноог 420-480 байхаар тогтоосон байна. 

Гэвч босго оноондоо хүрээгүй элсэгч нарыг хувийн их дээд сургуулиуд элсүүлэн авдаг. Харин оноо нь хүрээгүй элсэгч элсэн ороод дараа нь давтан шалгалтад тэнцэлгүй 4 жил болсон тохиолдол ч гарсан гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн хэлж байсан юм.

Босго оноондоо хүрээгүй элсэгч их дээд сургуульд элсэн орсон ч төгсөлтийн диплом олгохгүй, босго оноондоо хүрээгүй элсэгчийн элсүүлэн авсан сургуулийн үйл ажиллагааг цуцлах хүртэлх арга хэмжээг авдаг.

Тиймээс элсэгч нарыг элсэлтийн шалгалтаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Мөн чанаргүй боловсролын программаар чансаагүй төгсөгч, чадваргүй боловсон хүчин бэлтгэхээ зогсоое.