Улс төр
2024.07.08 15:44
7609
Эрчим хүчний реформыг хамтдаа хийх боломжтой болов

УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН намын дарга нар өнөөдөр Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтрах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээс бүрдсэн парламент өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайдаа томилсон. Улиран томилогдсон Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэх юм. Улмаар гурван нам хамтарсан Засгийн газар байгуулахаа зарлаад байгаа юм.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс парламентын ардчилсан тогтолцоотой болсноос хойш 30 гаруй жил өнгөрч байна. Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн өнгөрсөн 30 жилийн алдаа оноог засахын тулд шинэ 30 жилийг эхлүүлж байна. Үүнтэй холбоотой “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг, улс төрийн намын удирдлагууд болон нийгмээрээ хэлэлцэж баталсан. Хөгжлийн бодлого төлөвлөлт 1990 оноос хойш тогтворгүй байлаа. Мөн эхлүүлсэн олон ажил дуусахгүй дундаасаа зогсдог байсан. Энэ мэтээр маш тогтворгүй явж ирлээ.

Парламентыг дарга нарын байгууллага гэж хардаг болсон. Олон иргэдийн төлөөлөл орж чадахгүй, үе солигдож чадахгүй байсаар ирсэн. Парламент ард түмний төлөөлөл байх ёстой. Энэ агуулгаар парламентад суудалтай улс төрийн намууд хамтарч эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Үндсэн хуулиар хувь тэнцүүлсэн тогтоолцоог бий болгосон нь иргэдийн санал гээгдэхгүй, нийгэм илүү оролцоотой болж байгаа юм. Цаашдаа эвслийн Засгийн газрын тогтолцоогоор явах боломж бүрдэж байна. Мөн бие биеэ хянах боломжтой болох юм гэв.

АН-ын дарга Л.Гантөмөр: “Манай нам Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө МАН, ХҮН намтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ардчилсан нам бүх шатны байгууллагаараа, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлж ажиллах тодорхой хөтөлбөрийг хамтарсан Засгийн газрын хүрээнд ажил хэрэг болгох зорилтуудыг дэмжиж шийдвэр гаргасан” гэдгийг тодотголоо.

Тэрээр, татварын дарамтыг бууруулах олон хүний хүсэлтийг ажил хэрэг болгохын төлөө бид хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна. Бизнесийн орчныг эрүүл болгох, бизнес хийхэд улс төрийн намаар ялгаварлан гадуурхдаг үзэгдлийг таслан зогсоох шаардлагатай гэдэг зарчмаар хамтарсан Засгийн газарт ажиллана. Сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг яаралтай хийх зайлшгүй шаардлагатай байна гэв.

ХҮН намын дарга Д.Доржханд: “Цоо шинэ хандлага, цоо шинэ боломж Засгийн газарт орж ирж байна. Өмнө нь бид бие биеийнхээ хийсэн зүйлийг үгүйсгэж ирсэн. ХҮН намын хувьд Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байна. Эрчим хүчний нийлүүлэлт байхгүй бол ямар ч том бүтээн байгуулалт хийх боломжгүй. Эрчим хүчний шинэчлэлийг хийхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ нь улсын төсвөөс хэрэгжүүлэх боломжгүй. Хувийн сектор, гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэтэл хямд үнэтэй болохоор хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй. Эрчим хүчний реформыг МАН, АН хийж чадаагүй. Тэгвэл  хамтарснаар хамтдаа хийх боломжтой болж байна. Эрх ашиг, албан тушаалын төлөө бус хөгжлийн төлөө хамтарсан Засгийн газар байж чадна. Өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах болно” гэв.