Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Ерөнхийлөгч
2024.07.08 16:30
4070
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ.

  • Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бөхийн спортыг шинэ түвшинд гарган олон арван шилдэг тамирчин, дасгалжуулагч бэлтгэн Монгол Улсад бөхийн спортыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Хангайн хүчтэн” дэвжээний зөвлөх дасгалжуулагч, Ардын багш, Гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав,
  • Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн үнэ цэн, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрх зүйн тогтолцоог нь бэхжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны хүндэт ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржийн Мөнхөө нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Д.Эрдэнэбаяр ЭЗХЯ-ны бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга: Миний бие төрийн албанд 22 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улс 23 жилийн дараа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг энэ жил УИХ-аар шинэчлэн баталж, цоо шинэ хөгжлийн тогтолцоо, цоо шинэ хөгжлийн загвараар явахаар болж байна. Энэ ажлын эрдэмтдийн ажлын хэсгийг ахалж ажилласан эрдэмтдийн нэг төлөөлөл болон хөдөлмөрөө үнэлүүлж байгаадаа маш их баяртай байна. Нийтдээ давхардсан тоогоор 3000 орчим саналыг иргэд, үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөл, мэргэжлийн холбоодоос ирсэн. Энэ ажилд 100 орчим эрдэмтэд олон улсын байгууллагуудтай хамтарч 7 жил ажилласан ажлын маань үр дүн гарч байна. Дэлхий нийтэд орон зайн эдийн засгийн бодлого бол бүс орон нутгийг улсын эдийн засгийг эрчимжүүлдэг хамгийн чухал зүйл болж байна. Тэгэхээр Монгол Улс ч гэсэн хөгжлийн бодлогоо орон зайн эдийн засгийн бодлогын үндэс дээр тодорхойлсон явдал нь нийт 21 аймаг 330 сум 7 бүсийн хувьд чухал шийдвэр байлаа. Эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулж өгөх ийм бодлого батлагдсанд нийт энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтэддээ баяр хүргэе. Нийт монголчууддаа баяр наадмын мэндийг дэвшүүлье!

“Блю скай” ХХК-ийн нэхэх үйлдвэрийн дарга Д.Цээсүрэн: Миний хувьд ноос, ноолуурын салбарт 18 жил тасралтгүй ажилласан байна. “Блю скай” ХХК-даа 2013 оноос хойш ажиллажээ. Бид бүхний хувьд ноолуураас дутахааргүй хонины ноосыг үнэ цэнэтэй болгож дэлхийд өрсөлдөх зорилготой. Манай үйлдвэрийн хувьд монголдоо анх удаа монгол хонины ноосоор даавуу, драп, хонины ноосон хөнжил зэргийг ямааны ноолуураас дутахааргүй үйлдвэрлэж байгаагаараа бахархдаг. Монголын үндэсний баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө “Алтан гадас” хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртсэндээ туйлын баяртай байна. Ажлын хамт олон, хамтрагч байгууллагууд болон гэр бүлдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ дашрамд нэг зүйлийг хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний санаачлан хэрэгжүүлж байгаа миний бие болоод манай компанийн хамт олон маш их дэмжиж байгаа гэдгээ хэлмээр байна. Монголынхоо нийт ард түмэндээ Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.

Мөн эрхэлсэн  ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олон баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:
  • Ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн, олон арван хөгжмийн мэргэжилтэн бэлтгэж, соёл, урлагийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Шагжийн Гун-Аажавт хүртээв.
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Төр, захиргааны ахмад ажилтан Чойжинжавын Сумаахүү,
  • Монголын Ахмадын холбооны тэргүүн Цэндийн Сүхбаатар,
  • “Ариг” банкны гүйцэтгэх захирал Осордэлэгийн Хүрэлбаатар,
ГАВЬЯАТ ХУУЛЬ ЦОЛООР:
  • Монголын наториатчдын танхимын гишүүн, наториатч Рэнцэнгийн Уранбилэг,
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Гүррагчаагийн Лхагва,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын зөвлөх мэргэжилтэн Ендонгийн Дондог,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Ойн баясах” ХХК-ийн ойн инженер Банзрагчийн Эрдэнэчимэг,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • “Грандмед” эмнэлгийн дотор, зүрх судасны зөвлөх эмч Гэндэнжавын Цогтхуяг,
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
  • Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн Нямрагчаагийн Баярсайхан,
ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:
  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн уулын ашиглалтын инженер Ренчингийн Нацагдаш,
ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
  • Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Чойжхүүгийн Эрдэнэтуяа,
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “М Си Эс холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Линговын Гантөмөр,
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
  • “Зола брос” циркийн үүсгэн байгуулагч, жүжигчин Батаагийн Золбаяр,
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
  • Жиу жицу, пауэрлифтингийн тамирчин, дэлхийн хошой аварга Батаагийн Батцэнгэл,
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:
  • Улаанбаатар төмөр замын Төсөл хэрэгжүүлэх нэгжийн замын мастер Энхтайваны Нэргүй нарыг шагналаа.