Улс төр
2024.07.08 16:47
8587
Н.Батнайрамдал: Холимог тогтолцоо бол зөвшилцлийн улс төр юм

МАН, АН, Хүн намын удирдлагууд хамтран ажиллах зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Н.Батнайрамдлаас байр суурийг нь тодрууллаа. 

-МАН, АН, Хүн намын хамтарсан Засгийн газар байгуулахаар боллоо. Ингэснээр сонгуульд олонх болсон МАН дангаараа мөрийн хөтөлбөрөө биелүүлэх бус 3 намын мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ гэж ойлгож болох уу?

Хамтарсан Засгийн газар байгуулна гэдэг нь эхлээд ЗГ-ын бүтэц рүү орохоос өмнө зарчмын хувьд тохирч санамж бичиг байгуулж байна. Тухайлбал үндэсний баялгийн сангаар дамжуулж уул уурхайн баялгийг илүү шударга хуваарилах тогтолцоог бүрдүүлэх, авлигатай хийх тэмцлийг эцэслэх гэх мэт эдгээр намуудын мөрийн хөтөлбөрт орсон гол зүйлүүдээ тохироод санамж бичгээ байгуулж байна. Дараа нь ЗГ-ын бүтэц рүүгээ орно. Ер нь бол бид холимог тогтолцоогоор бүрдсэн анхны парламент. Бусад улсын жишигийг харахад холимог тогтолцоо бол зөвшилцлийн улс төр юм. Үүнээс хойш бид их зөвшилцлийн улс төрийн эрин үе рүү л орж байна гэсэн үг. Үүнээс цааш байгуулагдах ЗГ дандаа зөвшилцлийн Засгийн газар байх болно. Шинэ Зеланд улсын хувьд 1996 он хүртэл яг манай улс шиг явсан. 2 том нам нь хоорондоо өрсөлдөөд ялсан нь дангаараа засаглаад явдаг байсан. Холимог тогтолцоог нэвтрүүлсэн цагаас хойш ямар нэгэн байдлаар хамтарсан ЗГ-ууд бүрдэж ирсэн байна. Герман ч мөн адилхан. Тэгэхээр ер нь энэ Л.Оюун-Эрдэний Засгийн газар Хамтарсан засгийн газрын эрин үеийг эхлүүлж байна. Үүнээс хойшоо байнга хамтарсан, зөвшилцсөн Засгийн газрууд байгуулагдаж явах байх. 

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, яамдын тоонд нэлээн өөрчлөлт орох мэдээлэл гараад байгаа. Тухайлбал ХНХЯ-ыг Хөдөлмөрийн яам гэж тусдаа, Нийгмийн хамгааллын яам гэж тусдаа байхаар ярьж байна. Ингэхээр төрийн албыг чадварлаг, цомхон байлгана гэсэн зарчмаасаа ухраад байгаа юм бишүү?

Засгийн газрын бүтцийн асуудал буюу хэдэн сайдтай байх уу?, бүтцэд ямар өөрчлөлт орох уу? гэдэг нь үндсэн хуулиар олгогдсон ерөнхий сайдын бүрэн эрх юм. Удахгүй тодорхой болох байх. 

-Засгийн газрын бүтэц өөрөө улам томроод, төрийн алба данхар бүтэцтэй болох нь зөв үү? Та юу гэж бодож байна?

Төрийн алба өөрөө цомхон, мэргэжлийн байх ёстой. Гэхдээ чиг үүргийн хүрээнд өөрчлөх ёстой зүйл ажиглагдсан. Жишээлбэл, таны түрүүн дурдсан ХНХЯ байна. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал дандаа хамтдаа байж ирсэн. Гэвч энэ хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, халамж, залуучууд, гэр бүл гэх мэт ондоо салбарууд нэг яаманд харьяалагдаж нэг зохицуулалтаар явж ирсэн нь буруу байсан. Чиг үүрэг зохион байгуулалтыг илүү оновчтой болгох шаардлага бий. Гэхдээ үүнийг ЕС бүрэн эрхийн хүрээндээ л шийдэх байх.