Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Баялаг бүтээгч
2024.07.10 18:04
6491
Улс орноо хөгжүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж буй баялаг бүтээгчдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Төрийн шагнал гардуулах ёслол /2024.07.10/ өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардууллаа.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид онцгой нөлөөтэй юм. Иймд тус хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд өөрсдийн хүч хөдөлмөрөө шингээн, хүнс болоод хөнгөн аж үйлдвэрийн салбарт олон жил ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан 30 гаруй эрхмийг алдаршууллаа.

Тэдний хувьд баяр наадмынхаа босгон дээр ийнхүү хүндтэй шагналыг гардан авсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн өөрсдийн эрхэлсэн ажил хөдөлмөрдөө үнэнч, тууштай байвал үргэлж амжилт ирдэг гэдгийг хуваалцаж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохиож байна. Мөн өнөөдөр төрийн далбаагаа мандууллаа. Энэ сайхан бэлгэшээлтэй өдөр 30 гаруй үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид маань шагнууллаа. Тодруулбал улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа тэр дундаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж баялаг бүтээж, эх орондоо “Хүнсний хувьсгал” хийхэд хүчин зүтгэж буй үндэсний үйлдвэрлэгчдээ шагналаа. Тэд бол энэ цагийн эгэлгүй баатрууд юм. Ингээд нийт Монголынхоо ард түмэндээ үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн С.Үржинбадам
  • Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Я.Мөнхжаргал

Алтангадас одонгоор:

  • “Мөнх ундрам хүнс” ХХК-ийн захирал Д.Уранчимэг
  • “Гацуурт Хүнс” ХХК-ийн Ерөнхий нягтлан З.Жавхлантуяа
  • “Блю скай кашимер” ХХК-ийн химийн технологич Д.Мөнхтуяа
  • “Блю скай кашимер” ХХК-ийн химийн технологич Н.Баярмаа
  • “Милая” брэндийн үүсгэн байгуулагч Б.Цогтбаяр
  • “Милая фүүдс” ХХК-ийн засвар үйлчилгээний бригадын мастер П.Цогбадрах
  • Монгол Улсын зөвлөх инженер Н.Шаравжамц
  • Зам гүүр, Дэд бүтцийн салбарын мэргэжилтэн Х.Баасанжав
  • Худалдааны байгууллагын ажилтан Д.Бүрэнхүү
  • Ахмад малчин Г.Думаа

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Мастер фүүдс” ХХК-ийн ажилтан Г.Шагдарсүрэн
  • “Үлэмж грийс” ХХК-ийн менежер Б.Аззаяа
  • “Эрхэс сувд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Бямбасүрэн
  • “Ханбогд кашимер” ХХК-ийн Оёдлын цехийн менежер Д.Эрдэнэдэлгэр
  • “Ханбогд кашимер” ХХК-ийн шима машин баригч Н.Отгонцэцэг
  • “Эс ди ди жи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Бямбадулам нар төрийн дээд одон медалиар шагнууллаа.