Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.07.10 19:25
6322
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн “Алтан гадас” одон хүртлээ

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-д төрийн дээд “АЛТАН ГАДАС” одонг хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардуулав.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн “Хүнсний хувьсгал” “Тэрбум мод” хөдөлгөөнүүдэд өндөр ач холбогдол өгч, манлайлан оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдаж байна. Яг энэ үетэй давхцаад Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээж байна. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн маань 66 жилийн түүхтэй. Энэ 66 жилийн хугацаанд эрдэмтэн, судлаачид маш олон шинэ инновац, технологи нэвтрүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” “Тэрбум мод” зэрэг томоохон хөдөлгөөнүүд дээр эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд өндөр ач холбогдол өгч манлайлан оролцож байгааг энд онцолмоор байна. Ингээд 66 жилийн хөдөлмөрөө төрд үнэлүүлж, “Алтан гадас” одон хүртэж байгаа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээний ажилчин, нийт ажилтнуудад халуун баяр хүргэе!

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн: Ургамал хамгааллын хүрээлэн сүүлийн жилүүдэд бодлогын болон үйл ажиллагааны томоохон ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Тухайлбал 2024 онд өөрийн гэсэн лабораторийн зориулалттай шинэ байртай болсон. Лабораторийн зориулалттай шинэ байранд үндэсний хэмжээний магадлан итгэмжлэгдсэн 8 лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр лабораторид “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын чиглэлээр болон ургамлын өвчин судлал, шавьж судлал, мэрэгч судлал, ойн хамгаалал, микробиологийн лаборториуд ажиллаж байна. Мөн 2019 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн боловсон хүчний асуудалд онцгой анхаарч 2 дахин нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай байгууллага 80 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2015 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ургамал хамгааллын шинжлэх ухааныг үндэсний хэмжээний шинжлэх ухаан болгон өргөжүүлэх зорилгоор хүрээлэн болгох тогтоол гаргасан. Сүүлийн жилүүдэд дээрх чухал үйл явдлууд болж өнгөрчээ. Монгол Улсад анхны Ургамал хамгааллын байгууллага 1958 онд байгуулагдсан байдаг. Энэ 66 жилийн хугацаанд судлаачдын гаргасан эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүд болон ахмад үеийн маань хөдөлмөр бүтээлийг үнэлж, одоо үеийнхний цаашид хийх ажлын урам зориг болгон энэхүү төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнаж байгаад туйлын баяртай байна.