Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.12 13:13
4063
Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг ямар гэмт хэрэгт холбогдсон бэ?

Түүнийг Эрүүгийн хуулийн таван зүйл ангид буруутгасан юм. Гэвч эдгээр нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй болохыг онцольё.

1. 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” зүйл ангиар буруутгасан. Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн ажлаа хийж, бага насны хүүхдийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтний талаар мэдээлсэн бөгөөд түүнийг уг хэрэгт буруутгахдаа 2 жилийн хорих ял оноов;

2. 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”. Үүнд шүүхийн нэр төрд халдсан буюу ШЕЗ-ийн гомдол, Боловсролын зээлийн сангийн зээл авсан тухай нийтэлсэн мэдээлэл, Ц.Гарамжавын зээлийн асуудлыг мэдээлсэн гэж буруутган зорчих эрх хязгаарлах шийтгэл оноов;

3. 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”. Татварын хяналт шалгалтын хүрээнд шийдвэрлэгдэх ёстой атал Эрүүгийн журмаар шийдэж 57 сая төгрөгийн татвараас зайслхийсэн гэж үзэж нийтэд тустай ажил хийх шийтгэл оноов;

4. 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”. 57 сая төгрөгийн татвараар зайлсхийсэн орлогоо захиран зарцуулж мөнгө угаасан хэргээр 1 жилийн хорих ял оноов; 5. 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах”. Өөр бусад этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн хураан авсан гэх бичиг баримтад улсын нууцад хамаарах баримт бичиг байсан гэх бөгөөд үүнийг Н.Өнөрцэцэг хадгалсан, олж авсан гэж буруутган бусдын үйлдлийн төлөө ял халдаан 1.9 жилийн хорих ял оноов. Н.Өнөрцэцэг нь олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл билээ.

Тэрбээр, ажлаа хийснийхээ төлөө буруутгагдахын зэрэгцээ өөрийн нүдээр харж, гараар барьж үзээгүй цаасны төлөө “төрийн нууц олж авсан” гэх хэрэгт буруутгагдан анхан шатны шүүхээс нийт 4.9 жилийн хорих ял аваад байна. Түүнийг ийнхүү буруутгаж буй үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаад зогсохгүй, Монгол улсын иргэнийг үндэслэлгүйгээр буруутгаж, ял тулган хүний эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж буй хууль бус үйлдэл гэж дүгнэхээр байна.