Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.13 08:38
3677
Лу дарга намынхаа гишүүдийг үл тоон хэлэлцэж дуусаагүй гэрээнд гарын үсэг зуржээ

"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд МАН, АН, ХҮН намын дарга нар Төрийн ордонд гарын үсэг зурав. Гэтэл АН-ын дарга Лу.Гантөмөр намынхнаа хамтарсан гэрээг хэлэлцэж дуусаагүй байхад гарын үсэг зуржээ. Энэ талаар намын гишүүд нь юу ярив ??? 

УИХ-ын гишүүн Ө.Шижир" Хамтарсан засгийн газрын гэрээг Ардчилсан намын ҮБХ, УТЗ, намын бүлэг гээд намын шийдвэр гаргах эрх бүхий аль ч бүтцээр хэлэлцэж батлаагүй. Манай намын бүлгээр эцэслэж хэлэлцэж батлаагүй. Одоо бүлэг хуралдаж байна. Ардчилсан намын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон бүлгийн дарга хүртэл энэ гэрээн дээр эцэслэж санал өгөөгүй гэж бүлэг дээр ярилцаж байхад гэрээг нь зурж байдаг. Арай дэндүү байна шүү. Энэ гэрээг АН-ын ажлын хэсгийн гишүүдэд 13:46 минутад өгөөд бүлэг 15:00н цагаас зарлаад одоо ч хуралдаж байна уг нь. Хурлын эхэнд бүлгийн дарга О.Цогтгэрэл ОХУ-ын сайд ирсэн учир намын дарга Лу.Гантөмөр чөлөө хүсэж байна гэж танилцуулсан. Гэтэл юун гадаад уулзалт, зочин хэхэ хэлэлцүүлж дуусаагүй, санал аваагүй гэрээгээ зурж байж… АН-аас сонгогдсон их хурлын гишүүд уг нь агуулга, заалт тус бүрээр нь ингээд хэлэлцэж байсан юм сан" гэв

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар" АН бүлэг яг одоо хуралдаж байна!
Бүлгийн шийдвэр эцэслэж гараагүй байхад нөхөр Л.Гантөмөр гуай биднийг төлөөлж МАН даргатай гарын үсэг зурж байгаа нь бүдүүлэг байна !
Хаа хаанаа ёс зүйтэй баймаар байна шүү нөхдөө" гэв. 
 
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан" АН-ын бүлгийн гишүүд хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр , гэрээг хэлэлцээд сууж байтал АН-ын намын дарга нар гүйж очоод Гэрээг батлаад гарын үсэг зурчихлаа, бүлэг эсрэг шийдвэртэй. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй!!! Бүлэг хариуцлага хүлээхгүй" гэв.