Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.14 16:49
2356
Соёлын биет өв худалдан борлуулсан хэргийг илрүүллээ

“Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд”-ийн орчим газар, шорооны ажил хийж байх үедээ иргэн Ц, З, О, Б нарын бүлэг этгээдүүд түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өвд хамаарах их хэмжээний мөнгөн зоос, мөнгөн ембүү, мөнгөн гулдмай зэргийг техник хэрэгсэл ашиглан олж, эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг “А”-д худалдсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүллээ.
Дээрх этгээдүүдийн орон байр, тээврийн хэрэгсэлд хийсэн нэгжлэгээр мөнгөн зоос /ёншгойт/ 1184 ширхэг, мөнгөн ембүү 29 ширхэг, мөнгөн гулдмай 1 ширхэг, хууль бусаар олсон байж болзошгүй 65.000 ам.доллар, 92.990.000 төгрөгийг түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Уг үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэмт хэргийн шинжийг агуулж байгаа ба их хэмжээний мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдоод байгаа юм.