Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.08.21 15:40
1609
П.Наранбаяр: Сайд дарга нар аливаа сургуулийн нээлт дээр очихгүй

Боловсролын сайд П.Наранбаяр хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой мэдээлэл өглөө.

Тэрээр, "Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Эхний шатны бүртгэлийг энэ сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан И-Монголиа системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн систем/ESIS/-ээр хуваарилалт хийлээ. Үүнд 103.999 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээж, хариуг энэ сарын 20-21-нд эцэг, эх, асран хамгаалагчдад мессежээр хүргүүллээ.

Хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 5-наас эхэлнэ.

Цэцэрлэгт хүүхдээ оруулахаар хүсэлт гаргасан хүүхэд бүрийг хамруулна.Энэ хичээлийн жилд нийт 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээсэлж, 11,768 хүүхдийг сургана. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хамруулна. 

Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 хүүхэд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Ерөнхий боловсролын 29 сургуульд нэмэлтээр сургалтын зориулалттай байр түрээсэлнэ.Үүнээс 22 сургуулийг шийдвэрлэсэн. 

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг цэцэрлэгийн адил И-Монголиа системээр бүртгэж байна. Бүртгэл энэ сарын 12-25-нд үргэлжилнэ.

Энэ хичээлийн жилд ЕБС-ийн байр хангалтгүй тул зарим байрыг түрээслэн, хичээл явуулна. 4200 багш дутагдалтай байгаа тул их, дээд сургууль төгссөн хүмүүсийг богино хугацааны сургалтад хамруулж, багш болгох журмыг боловсруулж байна.

Англи хэлний хичээл үндсэн гадаад хэл болсон. 2000 англи хэлний багшийг гадаадад бэлдэнэ.

Хичээлийн шинэ жилийн нээлтийг "Нүсэр бус төсөр" байдлаар хийнэ. Төрийн гурван өндөрлөг, сайд дарга нар аливаа сургуулийн нээлт дээр онилж очихгүй байх шийдвэр гарсан.Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр сурагчдад хичээлийн шинэ жилийн эхний өдөр цахим хичээл заадаг. Энэ жил Монгол Улсын Үндсэн хууль сэдвээр хичээл заана" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: