Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.08.27 17:17
2469
160 тэрбум нүхэн жорлонд урсаж, хүүхдүүд орчин үеийн ариун цэврийн үзвэрийн байртай үлдлээ!

Улаанбаатарт 245 мянга гаруй нүхэн жорлон бий. Хөрсний нянгийн бохирдлын судалгаагаар 76 цэгээс хөрсний дээж авч шинжлэхэд 88 хувьд нь, гэр хороолол орчимд 93 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн байдаг.

Үе үеийн улс төрчид “нүхэн жорлонг халах” гэдэг үгээр халхавчилсан популизмаар улс төржиж ирсэн ч өнөөдрийн байдлаар энэ тоо буурсан үзүүлэлт хангалттай биш хэвээр, монголчууд хавар зуны цагт баас шээстэйгээ зууралдсаар 21-р зуунаа үргэлжлүүлж байна.

Бусад бүх асуудлыг оръё гэхэд ядаж ЕБС, цэцэрлэгийнхээ нүхэн жорлонг халж орчин үеийн ариун цэврийн байгууламж барих асуудалд анхаарлаа хандуулахгүй бол бидний үр хойч болсон хүүхэд багачууд хамар сэртхийлгэм нүхэн жорлонд хөхөө өвлийн хүйтэнд ч бие зассан хэвээр байгааг боловсролын байгууллагууд ч, нийгмийн хамгааллын салбар ч хойно, урдаа оруулсаар хариуцах эзэнгүй мэт өнөөг хүртэл явсан нь халагламаар. Жил бүр л өч төчнөөн хүүхэд нүхэн жорлонд унасан талаарх мэдээлэл цацагдсаар дөжирч байгаа нь ч харамсалтай.

Тэгвэл Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр боловсролын салбарын 100-гаас доошгүй тооны цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон шинэчлэх зорилт тавьсан. Улсын Их Хурлын тогтоолоор “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байсан. Мөн уг төслийг бүрэн дуусгах нэмэлт санхүүжилт болох 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбумын санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж буй гэгддэг ч хяналт шалгалтаар бодит байдал эрс тэс байсан юм.

Тодруулбал, нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байгаагаас 116 нь ашиглалтад орсон, хавар гэхэд дийлэнх нь ашиглалтад орно, үүнийг хар толгойгоороо хариуцна гэдэг мэдээллийг БШУ-ны сайд асан Л.Энх-Амгалан мэдээлж байв.

Гэтэл шалгалтаар тухайн ашиглалтад орсон гэгдэх байгууламжууд асар муу баригдсан, ихэнх нь эвдэрч хэмхэрсэн, бүрэн гүйцэт ашиглалтад ороогүй, тендерийг зураг төсөлгүй зарласнаас дахиж зурах шаардлагатай болсон гэх мэтээр товчхондоо 160 орчим тэрбум төгрөг эгээтэй л өнөөх нүхэн жорлондоо урсчихсан гээд хэлэхэд хол зөрөхгүй.

Хавар гэхэд асуудал шийдэгдэнэ, хар толгойгоороо хариуцна гээд гүйж явсан салбарын сайд нь яамд сольж, суудал сэлгээд явж байхад хүүхдүүд харин үзвэр төдийхөн болж үлдсэн орчин үеийн ариун цэврийн байгууламжийнхаа хажууханд нүхэн жорлонтойгоо энэ хичээлийн жилд дахин уулзах нь!