Б.Нарангоо
Ерөнхий редактор
Боловсрол
2024.09.03 13:52
1244
Т.Ням-Очир:  Хувьсах зардлыг ихэсгээд байхад төлбөр нэмсэн цэцэрлэгүүдтэй хэлэлцээр хийнэ

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос цаг үеийн тодруулга авлаа.

-Энэ хичээлийн жилд хэдэн хүүхэд СӨБ болон ЕБС-д хамрагдаж байна вэ?

-Энэ хичээлийн жилд ЕБС-д 810 мянган хүүхэд суралцах урьдчилсан тооцоо бий. Ирэх сарын 15 гэхэд эцсийн дүн мэдээ гарна. СӨБ 290 мянга орчим хүүхэд суралцана гэсэн урьдчилсан тоо гарсан.  СӨБ-ын хувьд хүсэлт гаргасан хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хуваарилах ажлыг сүүлийн гурван жилд хийж байгаа. Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжээс үүдэлтэй хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй байсан бол сүүлийн гурван жил хувийн цэцэрлэгтэй хамтран ажиллаж, СӨБ-ын хамран сургалт өнгөрсөн жил 93 хувьд хүрсэн.  Таван настныг заавал хамруулахаар хуульд оруулсан. Зургаан настай хүүхэд хүндэтгэн үзэх шаардлагатай бол долоон настайд сурна.  

-Хүүхдүүд хичээл завсарлах тохиолдолдлыг бүртгэдэг үү?

-Насан туршийн суралцахуйн төв гэх байгууллагад одоогийн байдлаар боловсрол нөхөн эзэмших үйлчилгээ үзүүлж байгаа. нөхөн эзэмших гэдэг нь тодорхой хэмжээгээр завсардсан хүүхдүүдийг хамруулдаг 4500 орчим хүүхэд хамрагдсан дүн мэдээ байна. Шалтгаан эцэг эхийн хараа хяналт, хариуцлагын л асуудал.

-Хувийн цэцэрлэгүүд төлбөрөө хэт өндрөөр үнэлж, эцэг эхчүүдэд дарамт болж байна. Төлбөр дээр хяналт тавих боломжтой юу?

-Хувийн цэцэрлэгүүд хүсэлт гаргаад хамран сургах тойрог тогтоолгоод, тогтоолгосон тойргоос хүүхэд элсэн суралцуулвал хувьсах зардлыг хоёр дахин нэмж, хувьсах зардлыг төрөөс гаргаж байгаа.  Өнгөрсөн жилийн хувьд 30 мянга гаруй хүүхэд хувийн цэцэрлэгт хамрагдахын 15 мянга гаруй нь хамран сургах тойргоос ирсэн. Энэ жилийн хувьд тодорхой цэцэрлэгүүд төлбөрөө хэт өндөр нэмсэн. Өндөр нэмээд байгаа цэцэрлэгүүдтэй бид хэлэлцээрт орно. Төрөөс хоёр дахин хувьсах зардлыг нэмж өгөөд байхад төлбөр нэмээд байвал эцэг эхчүүд сонгохгүй л гэсэн үг. Энэ хичээлийн жилд нэгдүгээр шатны бүртгэлээр хувийн цэцэрлэгт 12 мянган хүүхэд элссэн. Үүний 6000 нь хамран сургах тойргоос хуваарилагдсан.

-Сургуулийн хүртээмжийн асуудал энэ хичээлийн жилд тулгамдаж байна уу. Гурван ээлжээр хэдэн сургууль хичээллэж  байна вэ?

-Энэ хичээлийн жилд 36 сургуульд хэт өндөр ачаалал үүсэх нь гэх ачаалал гарсан. Үүнтэй холбоотой аль аль сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэн зохион байгуулах вэ, аль сургуулийг түрээсийн байранд  оруулах вэ гэдгийг шийдэж байна. Одоогийн байдлаар 23 сургууль дээр 27 түрээсийн зориулалттай байр ашиглаж 15900 хүүхэд түрээсийн зориулалттай сургалтын байранд хичээллэж байна. хот төлөвлөлттэй холбоотой гэнэт орон сууц ашиглалтад орж, төлөвлөгөө алдагдаж, хэт өндөр ачаалал авч байна. иймээс цаашид хот төлөвлөхдөө сургууль цэцэрлэгийн барилга байшинтай уялдуулах шарадлага тулгарч байна. одоогийн байдлаар 10 сургууль дээр зохицуулах арга хэмжээ авахгүй бол гурван ээлжээр хичээллэж хэт өндөр ачаалал авч байна. бид есдүгээр сардаа багтаан асуудлыг шийдэх, түрээсийн байранд оруулахаар судалж байна.