Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.09.05 11:40
2233
Н.Мандуул: Ирэх сарын дунд гэхэд уулзваруудад AI бүхий 2600 камер суурилуулж, цагдаагийн системтэй холбоно

Нийслэлийн орлогч дарга Н.Мандуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Энэ долоо хоногт автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор явуулах уу үгүй гэдэг дээр иргэдээс санал авч байгаа. Иргэд хэрхэн хүлээн авч байна?

-Засаг даргын зүгээс захирамж гаргаад хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой түгжрэлийн эсрэг төлөвлөгөө гэж гаргасан. Түүнд 30 гаруй арга хэмжээ гаргасны нэг нь тэгш сондгойгоор явах уу үгүй юу гэдэг орж байгаа. Одоогоор нийт иргэдийн тал хувь нь дэмжиж, тал нь дэмжихгүй гэж байна.

-Иргэдийн дийлэнх дэмжвэл тэгш, сондгойгоор явуулах юм байна. Дэмжээгүй тохиолдолд түгжрэлийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Бид түгжрэлийн эсрэг хэд хэдэн томоохон төслийг эхлүүлэх гээд явж байна. Энэ бол урт хугацааны ажил. Үүнээс гадна богино болон дунд хугацааны шийдэл олох ёстой. Үүнд автобусны хүрэлцээг нэмэх, чиглэлийг оновчтой болгох. Дугаарыг тэгш, сондгойгоор явуулах нь богино хугацааны шийдэл. Энэ нь алсдаа буруу л даа.

Манайд 40 орчим уулзвар дээр 80 камер байдаг. Ирэх 10 дугаар сарын дунд гэхэд 2600 камертэй болох гэж байгаа. Эдгээр камерууддаа AI суурилуулаад, машины дугаар, автобус машины хөдөлгөөний зорчлыг тэмдэглэх дата дэд бүтэцтэй болно гэсэн үг.

Үүнийг цагдаагийн торгуулийн системтэй холбоод зөрчилтэй автомашиныг шууд таньдаг, зарим нь дугаараа сольдог хуурамч дугаар хэрэглэх гэхчилэн бүх зөрчил автоматаар бүртгэгдэнэ. Одоо  бид яадаг вэ гэхээр ТЦА-нд мэдээлэл өгөөд, нөгөөх нь машиныг олж хөөцөлдөх гэхчилэн процесс удаан байдаг. Ийм байдлаар бид дэд бүтцээ бэлдээд туршина. Энэхүү дэд бүтэц дээр суурилан томоохон ажил хийхээр төлөвлөж байна.

-Нийтийн тээврийн хүртээмж гэдэгт автобусны буудлын хүртээмж ч орно. Одоогийн байдлаар автобусны буудлаасаа хол хэдэн хороо байна вэ. Иргэддээ нийтийн тээврийг хүргэх тал дээр ямар ажил хийх вэ?

-Судалгаа хийж үзэхэд 10 гаруй хороонд ийм асуудал байгаа. Ялангуяа гэр хорооллын эцсийн буудлаас гэр рүүгээ явахад бараг 1-2 км зайд алхаж байна. Үүн дээр бага дунд оврын автобуснуудыг хуучнаар микро автобус дээр чиглэл гаргах ажил хийгдэж байна. Үүн дээр хувийн хэвшлийг ч мөн уриалмаар байна. хамтраад ажиллаж болно. Бид гол нь стандартаа мөрдүүлж, жолоочид шаардлагаа тавина.

-Иргэд хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэх, эмнэлэг, ажилдаа очих  байдлаар их, бага тойруугаар өдөрт 3.1 сая зорчилт хийгдэж байна гэх судалгаа гарсан. Тэгэхээр төв зам дагасан төвлөрлөө хэрхэн сааруулах вэ. Үүнийг дагаж түгжрэл үүсч байна?

-Сургуулийн хөдөлгөөн түгжрэл их нөлөөтэй байгаа. Олон жилийн буруу төлөвлөлтөөс үүдэлтэй. Тухайн  хороонд сургууль цэцэрлэгийн хүртээмж муугаас өөр газар руу зөөх байдлаар түгжрэлд нөлөөлж байгаа. Иймээс ирэх жилийн төсөвт сургууль, цэцэрлэгийн хүртээмж дээр голлон анхаарч хэд хэдэн сургууль цэцэрлэг ашиглалтад орно. Бид сургуулийн захирлуудаас өөр хорооноос явж буй хүүхдүүдийн судалгаа авсан. Дүүргийн Засаг даргад чиглэл өгөөд ажилчдын цагийг уян хатан болгох, сургуулийн автобустай цагийг нь зөрүүлэх арга хэмжээ авах гэж байна.

-Ирэх оны төсөвт хэдэн сургууль цэцэрлэг барихаар төсөвлөсөн бэ?

-Сургууль цэцэрлэгийн асуудал ярихаар хамгийн хэцүү зүйл нь газар чөлөөлөх ажил орж байна. Дандаа маргаантай шүүхийн шатанд явж байгаа. Ихэнх нь ардаа авлига албан тушаалын хэрэгтэй холбогддог. Тухайлбал,  БЗД-ийн 26-р хороо, натур хавьд сургууль баръя гэхээр газар олддоггүй. Хувийн компанитай газрыг нь чөлөөлж нийтийн хэрэгцээнд авах ажлууд хийгдэж байна. Бид энэ жилдээ багтаж гурван том нүхэн гарц хийх гээд байгаа юм. Замын хөдөлгөөнийг боодог зүйлийн нэг нь төмөр зам эсвэл гол. Төмөр зам дээр гүүр эсвэл нүхэн гарц хийж байж хөдөлгөөнийг чөлөөтэй явуулна. Нэг нь одоо дуусах гэж байна гэтэл нөгөө хоёр нь дандаа нэг компанийн газар дайрдаг. Нөгөө компанитай нь ярилцах хэрэг гарч байна.

-Ирэх оны төсвийн төсөлд нийслэлтэй холбоотой 14 төсөл багтсан. Хэзээнээс ажил хэрэг болж явах вэ. Хөрөнгө нь хэрхэн шийдэгдэх вэ?

-Шинэ бүрэлдсэн ЗГ-ын гол бодлого УБ хотдоо хөрөнгө оруулалт хийе гэж байгаа. Жишээ нь бид орон нутагт зам бариад байдаг. Гэтэл нийслэл хотын замын нийт урт 1200 км. Гэтэл хөдөө орон нутагт 3000 км зам баръя гэж төлөвлөж байх жишээтэй. Гэтэл манай нийслэлд одоогийн байдлаар 740 мянган автомашин бүртгэлтэй байна. Яг стандартаараа бол автомашины ачаалал гурав дахин хэтэрсэн байгаа юм. Тэгэхээр замын бодлогоо нийслэл хот руугаа чиглүүлье. Нөгөө талаар олон жил яригдсан гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг бодитоор ажил хэрэг болгоё. Үүн дээр мөнгө төсөвлөж, газар чөлөөлж өгье гэсэн.

-Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн зам засварын ажил явагдаж байгаа нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж байна. Хэзээ эхэлж, хэзээ дуусах төлөвтэй байгаа вэ?

-Зам засварын ажил хавраас эхлээд явсан. Баяр наадмын өдрүүдийг ашиглаж нэлээдгүй замын ажил хийсэн. Нийслэлийн хувьд дотооддоо бонд босгож, 150 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Гэвч тендер зарлаад сунжраад гомдол гаргаж явсаар байгаад хамгийн хурднаар одоо эхэлж байна. Замаа засах ёстой, хөрөнгө мөнгийг нь шийдсэн байгаа. Иргэдийн бухимдах нь зөв иймээс аль болох бүтэн хөдөлгөөнөөр хаахгүй хэсэгчлэн хаах байдлаар зохион байгуулж байна.

-Бродюр, хорооллын голын замыг жил бүр сольж байгаад иргэд мөн бухимддаг?

-Энэ ч мөн миний бухимдлыг төрүүлдэг. Замын хөгжлийн газруудад хэд хэдэн зохицуулалтын арга хэмжээ авсан. Замыг, явган хүний замтай тус тусад нь тендер зарлаж байсныг болиод хамтад нь хийхээр болж байна. Учир нь тус тусдаа ажил хийхээр автозамаа хийхдээ явган хүнийхээ замыг эвдээд явчихдаг байдал гарч байсан.

Замыг барьж байгаа стандартаа мөрдөхгүй, чанаргүй зам барих хандлага байна.

Ингэснээр нөгөө компани жил жил тендех авах тохиолдол байна. Бродюрыг дотоодын чулуун компаниас авахаар яриа хэлэлцээр хийсэн байсан. Гэвч импортоор ороод ирсэн байх жишээтэй. Иймээс дотооддоо хяналт шалгалт хийнэ. Замын хөгжлийн газрын дарга уржигдар солигдлоо. Шинэ даргатай хамтраад нэлээн анхаарч ажиллана.

-Сэлбэ дэд төв байгуулагдах гээд газар чөлөөлөлтийн ажил явагдаж байна. Хөрөнгийг гадаадаас бонд босгох байдлаар шийдвэрлэх юм байна. Бондын мөнгийг юунд хэрхэн зарцуулах вэ, эргэн төлөлтийг хэрхэн төлөхөөр төлөвлөж байна?

-Сэлбэ дэд төв дулааны цахилгаан станцыг дагасан. Сүүлийн 8 жил дэд бүтцийг нь тавьсан. Энэ орчмын 158 га газрыг орон сууцжуулах боломжтой газар гэж төлөвлөсөн. Газар чөлөөлөлт 80 хувьтай явж байна. Газрын үнэлгээг зах зээлийн зарчимд суурилж хийсэн. Үүнд зориулж  20 минутын хот концепцид тулгуурлаж, сургууль,  цэцэрлэгтэй эмнэлэгтэй , ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөөд явж байна.

Эхний хоёр блокын барилга угсралтын тендер зарласан, энэ сарын 20-доор ажил нь эхлэх гэж байна.

Бид гэр хорооллыг орон сууцжуулна гэж олон жил ярьсан ч хөрөнгө мөнгөгүйн улмаас гацаж ирсэн. Харин 500 сая ам.долларын хөрөнгө босгоод зуун хувь сэлбэ хороолол руу зарцуулна. Эргэн төлөлтийн хувьд гадны банкуудтай ярилцаад явж байна. 5-7 жилийн хугацаатай гаргахаар ярилцаж байна. энэ хооронд хотын төсөв тэлнэ. Орон сууц баригдахаар бид зарж борлуулахгүй. Зөвхөн  тэр хавийн айлуудыг газраа чөлөөлөхөд нь дүйцүүлж орон сууц олгоно. Тэгэхээр бид газартай болно. Үүнийгээ бид 2040  хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, арилжааны хэсэг дээр хувийн хэвшилтэй хамтарч хөрөнгө босгоод явна. Үүн дээр орлогын эргэлт бий болж, гадаадын бондоо төлнө гэж тооцоолж буй.

-Эрчим хүчний эх үүсвэрээ хэрхэн шийдэх вэ?

-Дулааныг Сэлбэ дулааны станцид түшиглэж үүнийг хийж байгаа. Хотын хувьд эрчим хүч дутагдалтай байгаа нь үнэн. Энэ жил хотын зүгээс эрчим хүчний эх үүсвэрийг хоёр байдлаар нэмэх арга хэмжээ авч байна. Нэгдүгээрт бөөрөлжүүтийн 150 мегаватт цахилгаан станц. Хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хийж 150 мегаватт цахилгаан станц энэ 10 дугаар сард ашиглалтад орох гээд явж байна. Нөгөөх нь 50 мегаваттын батерей хураагуурын станцыг хотоос санхүүжилт гаргаад өвлөөс өмнө ашиглалтад оруулах гэж байна. ямар ч байсан энэ өвлийг давна. Ирэх жил хэд хэдэн цахилгаан станцын эх үүсвэр улсын төсөв дээр тавигдсан. Бөөрөлжүүт, Багануур, III   цахилгаан станцын засвар гээд.

Хотын хувьд II цахилгаан станцын өргөтгөл дээр ЭХЯ-тай хамтран ажиллая гэсэн бодолтой байна.