Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.09.05 14:07
1499
Улсын хэмжээнд 2000 зөрчилтэй томилгоог илрүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн албаны зөвлөл дээр ажиллаж, мэдээлэл сонслоо

ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН НӨӨЦИЙН АШИГЛАЛТ 37.2 ХУВЬТАЙ БАЙНА

Төрийн албаны хүний нөөц бүрдүүлэх, чадахуйн зарчимд суурилсан сонгон шалгаруулалт зохион байгуулах үйл ажиллагаа нь Төрийн албаны зөвлөлийн голлох чиг үүргийн нэг юм. Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг жилд 4 удаа зохион байгуулж байхаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсон. Хуулийн өөрчлөлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих зорилгоор төрийн албаны шалгалтын 5 журмыг нэгтгэн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталж, мөрдөж байна. Төрийн албаны шалгалт нь ерөнхий болон тусгай гэсэн хоёр шатлалтай.  

Ерөнхий шалгалтад тэнцсэн иргэнийг нөөцөд бүртгэн авдаг, нөөцийн хүчинтэй хугацаа 3 жил.  2024 оны эхний хагас жилийн байдлаар өссөн дүнгээр төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцийн ашиглалт 37.2 хувь буюу 7794 иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байна. Тусгай шалгалтын хувьд давхардсан тоогоор 2023 онд 10372 сул орон тоог нөхөхөөр нийтэд зарлаж байсан бол 2024 оны эхний хагас жилийн байдлаар 2176 байгаа нь өмнөх онтой харьцуулахад буурах хандлагатай байна.

ТӨРД УЧРУУЛСАН ХОХИРОЛ 776,4 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

Төрийн албаны тухай хуульд “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг.

Төрийн албаны зөвлөл 2019-2024 онд төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр бүртгэл хөтлөн, 4.050.744.594 төгрөгийн шаардлагыг буруу шийдвэр гаргасан албан тушаалтанд хүргүүлсэн. Шаардлагын хугацаа дууссаны дараа 3.546.718.755 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар, 981.753.510 төгрөгийн шүүхийн шийдвэр гарсан. Өнгөрсөн хугацаанд 776.4 сая төгрөгийг албан тушаалтан, иргэнээр нөхөн төлүүлснээс 2024 оны эхний 8 сарын байдлаар 471.3 сая төгрөг төсөвт төвлөрүүлээд байна.

Төрд учруулсан хохирлыг нөхөх төлүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж, томилох эрх бүхий албан тушаалтныг хууль зөрчиж, хүний нөөцийн шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны хагас жилд 21 аймгийн нийт 473 төрийн захиргааны байгууллагын 8106 төрийн жинхэнэ албан хаагчдад сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан. Төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн алба улс төрөөс хараат бус байх зарчмын хэрэгжилт хангагдаж, эдийн засгийн хариуцлага тооцох хөшүүрэг үр дүнд хүрч, хууль зөрчсөн хүний нөөцийн шийдвэр гаргах явц буурч, хуулийн хэрэгжилт сайжирч байна.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 2000 ЗӨРЧИЛТЭЙ ТОМИЛГООГ ИЛРҮҮЛЭВ

Төрийн албаны зөвлөл хяналт, шалгалтын чиг үүргийнхээ хүрээнд 2019-2024 онд 1202 байгууллагын, давхардсан тоогоор 20596 төрийн захиргааны албан хаагчийг хамруулсан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийв.

Шалгалтаар улсын хэмжээнд 2000 зөрчилтэй томилгоо илрүүлж, зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласны дүнд 1623 зөрчлийг томилох эрх бүхий этгээд арилгаж, 209 шийдвэрийг Төрийн албаны зөвлөл хүчингүй болгож, 45 шийдвэр түр түдгэлзсэн хэлбэртэй, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж байна.

СҮҮЛИЙН 5 ЖИЛД 78185 ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛСАН

Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчдын сургалтын агуулга, хөтөлбөрийг хамтран батлах, мэргэшүүлэх сургалтын чанарт хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлдэг. Засгийн газартай хамтран баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу Удирдлагын академид сүүлийн 5 жилийн хугацаанд өссөн дүнгээр нийт 78185 төрийн албан хаагч хамрагдаж, мэргэшсэн байна. Үүнээс 6896 албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтад, 4407 албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны болон давтан сургалтад, 66882 албан хаагчийг чиглүүлэх болон богино хугацааны сургалтад хамруулжээ.

                Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл өгөх, богино хугацааны ажлын байран дахь сургалтыг хэвшүүлэх зорилгоор “7:4:10” арга зүйн вебинар сургалтыг 7 хоног бүрийн пүрэв гарагт уламжлал болгон зохион байгуулж ирэв. 2021-2024 онд 100 удаагийн сургалтаар 136480 төрийн албан хаагчид богино хугацааны мэдээлэл, чиглэлийг өгчээ.

875 АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТОД БАТЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны албан тушаалын тодорхойлолт батлах эсэх зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөл хянаж олгодог. Нийт 875 албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгоод байна. Төрийн байгууллагын тогтвортой бус байдал, бүтцийн өөрчлөлт, хөдөлгөөн, албан тушаалын ангилал өөрчлөх, нэршил солих зэрэг нь албан тушаалын тодорхойлолтын баталгаатай байдлыг алдагдуулах эрсдэл болсоор байна.

Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтэд хүний нөөцийн аудит хийх чиглэлээр Төрийн албаны зөвлөл 2021 онд журам баталж, “Хүний нөөцийн аудитын сэдэв, төлөвлөгөө”, “Чадахуйн зарчмын хэрэгжилт-Төрийн захиргааны албан хаагчийн ур чадвар, туршлагын шаардлагын нийцэл” сэдвийн хүрээнд яам, агентлаг, орон нутгийн зарим байгууллагын 1585 албан хаагчийг хамруулан  гүйцэтгэсэн.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН УЛСЫН НЭГДСЭН ТОО БҮРТГЭЛИЙН ДҮНГЭЭС

2023 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр төрийн 4239 байгууллагад 226496 төрийн албан хаагч бүртгэгдсэн нь манай улсын хүн амын 6.7 хувь, ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байв. 2024 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар төрийн 4267 байгууллагад 229621 албан хаагч ажиллаж байгаа нь хүн амын 6.8 хувь, ажиллаж хүчний 17.9 хувь болно. Хүн амын өсөлтийг дагаж цэцэрлэг, сургууль, насан туршийн боловсролын төв, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг улсын хэмжээнд, Төрийн худалдан авах ажиллагааны албыг аймгуудад байгуулсан нь тооны өөрчлөлтийн голлох шалтгаан юм.

ЖЕНДЭР

2023 оны жилийн эцсийн тоо бүртгэлээр төрийн албан хаагчдын 63.6 хувь буюу 144183 нь эмэгтэй, 36.4 хувь буюу 82 313 нь эрэгтэй байна. Эмэгтэй албан хаагчдын эзлэх хувь 2020 онд 61.7 хувь, 2024 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 63.6 хувь болж, 2.1 хувиар нэмэгдсэн. Хэдийгээр төрийн албан дахь, ялангуяа улс төрийн ангилалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж, олон улсад өндрөөр үнэлэгдэж байгаа ч Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд “... нийт ажилтны дунд аль нэг хүйсийн төлөөлөл илт давамгайлсан тохиолдолд 40:60 харьцаа бүхий байдлыг хангах” гэсэн зохицуулалт хангагдахгүй нөхцөл үүсэх магадлалтай байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ

Төрийн албанд энэ оны эхний хагас жилийн байдлаар 5933 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. Төрийн албаны тухай хуульд 2022, 2023 онд орсон нэмэлт, өөрчлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийг төрөөс дэмжих болон ажлын байрны сонгон шалгаруулалтын зохицуулалтууд ХБИ төрийн албанд ажиллахад эергээр нөлөөлж байна.

БОЛОВСРОЛ

Төрийн албан хаагчдын боловсролын түвшин нэмэгдэж байна. Харьцуулсан дүн шинжилгээгээр өнгөрсөн оны жилийн эцсийн бүртгэлээс боловсролын доктор 142, магистр 570, бакалавр 2732, бүрэн дунд боловсролтой албан хаагч 704-өөр нэмэгдсэн байна. 2024 оны 6 дугаар сарын байдлаар доктор 1315, магистр 24 400, бакалавр 132874, дипломын дээд боловсролтой  4838, мэргэжлийн болон техникийн боловсролтой 21921, бүрэн дунд боловсролтой 34943, суурь боловсролтой 5684 төрийн албан хаагч байна. Нийт төрийн албан хаагчдын 69 хувь нь бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй. Энэ нь төрийн албанд ажиллах шаардлага, албан тушаалын тусгай шаардлагын нөхцөл өөрчлөгдөж, чанаржиж байгаагийн илрэл юм.

НАС

Төрийн албан хаагчийн дундаж нас 38.6 болж, өмнөх оноос 1.51 жилээр буурчээ (2022 оны тайлант хугацаанд төрийн албан хаагчийн дундаж нас 40.15 байсан). Төрийн албан хаагчийн нас залуужиж байна. 2024 оны 6 дугаар сарын байдлаар 70.3 хувь нь 44 хүртэл насны залуучууд байна.

ТЭТГЭВЭР

2023 оны тоо бүртгэлээр 6555 тэтгэвэр тогтоолгосон иргэн төрийн албанд ажиллаж байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 6669 иргэн, үүний 6371 нь  төрийн үйлчилгээний албаны ангиллын албан тушаалд ажиллаж байна. Энэ нь Хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээгээр хөдөлмөр эрхлэх, Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалтууд болон цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэд төрийн өөр байгууллагад ажиллаж байгаатай холбоотой.

ТӨРД АЖИЛЛАСАН ЖИЛ

Төрийн албан хаагчдын төрд ажилласан хугацааг судлахад 0-5 жил ажиллаж байгаа албан хаагчийн тоо төрийн албаны ангилал бүрд өндөр байгаа, нийт албан хаагчдын 39 % нь 0-5 жил, 18.6 % нь 6-10 жил ажиллаж байгаа нь анхаарал татаж, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлүүд алдагдсаны илрэл болж байна.