Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.09.06 13:34
1619
Алдагдсан фэйсбүүкийн ард залилагчид бий

Монгол дахь бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсанаас иргэд гадаадаас хэрэгцээт бараагаа  шууд  захиалан авчрах нь хэвийн үзэгдэл болсон. Хэдийгээр олон улсын захиалгад олон улсын  карт ашиглах учиртай ч Хятадын санхүүгийн АПП ашиглан юаниар төлбөр тооцоо хийх нь илүү хялбар гэх шалтгаанаар иргэд алипэй гэх АПП ашиглах нь ихэссэн. Ингэснээр банктай холбогдохоос илүүтэйгээр хэн нэгэн ченжээс юань худалдан авах шаардлага үүсдэг. Тэгвэл үүнтэй холбоотой залилан сүүлийн үед ихэсч, тэр байтугай улирлын чанартай болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  Тухайлбал, шинэ жил, цагаан сараар урдаас бараа захиалах захиалга урсгал нэмэгддэг. Тэр хэрээр юанийн эрэлт их, олдоц ховорддог.

Түргэн шуурхай валют солино, зах зээлийн ханшаас доогуур үнээр зарна гэх зарыг залилагчид өгөөш болгон цахим орчинд тавьж байна.  

Хохирогч А:Юань найдвартай хүнээс аваагүйгээсээ болоод залилуулчихлаа

Хохирогч А “Юань найдвартай хүнээс аваагүйгээсээ болоод залилуулчихлаа. Фэйсбүүк группуудээр алипэй цэнэглэнэ гэх зар их явдаг. Тэр дундаас хямд юань зарна гэх зараар нэг хүнтэй холбогдсон.  Эхлээд бага юань авч туршиж үзэж байгаад дараагийн удаад зургаан сая төгрөг шилжүүлсэн чинь фэйсбүүкээ устгаад алга болчихсон. Нэг сонин санагдсан зүйл нь фэйсбүүк нэр, дансны дугаар нь өөр өөр байсан. Гэхдээ нэг их юм бодолгүй шилжүүлэг хийснээрээ хохирогч боллоо. Иргэд  фэйсбүүкээ их алддаг, банкны данс нээгээд зарах тохиолдол ч байдаг юм билээ. Алдагдсан фэйсбүүкийн ард хэн ч байж болно. Дансаар нь хүнийг хайлаа ч тэр хүн данс дээрээ байдаггүй, өөр хүний данс ашиглаад гаргасан байх боломжтой юм билээ. Үүний дагуу цагдаагийн байгууллага болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргасан ч хэрэг шалгалт удаашралтай, олдох магадлал бага гэсэн” гэв.

ЦЕГ-ын УСГ-ын мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Мөнхгэрэл:  Өнгөрсөн сард иргэн М фэйсбүүк зарын дагуу 50 сая төгрөгөө юань солиулахаар шилжүүлээд залилуулсан

-Цахим залилан сүүлийн үед  ихэсчээ. Залилагчид ямар арга ашиглан залилан хийж байна?

-Сүүлийн таван жилийн байдлаар цахим залилан 2.8 дахин  өссөн. Энэ нь интернет хэрэглээ өссөнтэй холбоотой. Он гарсаар эхний долоон сарын байдлаар  энэ төрлийн гэмт хэрэг 7100 орчим бүртгэгдсэн. Бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг фэйсбүүк, домэйн хаягууд, вичат, тикток ашиглан залилж байна. Энэ дундаас 30 орчим хувийг фэйсбүүк залилан дангаараа эзэлж байна. Тэр дундаа залилагчид 30-40 үйлдлийн аргаар залилан хийж байна. Танил найз нөхөд рүү нь мөнгө гуйх, зээл санхүү өгнө , валют солино гэхчилэн байдлаар залилан хийж байна.  Цахим залиан цаг үеийн шинж чанартай үйлдэгддэг. Цагаан сар, шинэ жилийн үеэр юанийн эрэлт хэрэгцээ их байдагтай холбоотой валют солих залилан ихэсдэг. Өнгөрсөн сард иргэн М фэйсбүүк зарын дагуу 50 сая төгрөгөө юань солиулахаар шилжүүлээд залилуулсан. Түргэн шуурхай мөнгө солиулах зорилгоор эсвэл зах зээлийн үнээс бага үнэ хэлэхэд нь шууд мөнгө шилжүүлж авсны дараа тухайн иргэний блоколдог, фэйсбүүкээ хаах гэхчилэн арга хэрэглэж байна. Зүс таних хүн хүртэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэг гарч байна.

-Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандсан ч илрэх ажиллагаа уддаг гэдэг?

-АТМ -ээр мөнгө авч байхдаа дансаа түр ашиглуулах, нууц үгээ хэлэх гэхчилэнгээр иргэд хохирогч болох тохиолдол байдаг. Нөгөө талаар  нас барсан хүний мэдээлэл ашиглан эсвэл хөдөө алс нутагт ажиллаж амьдрадаг,  архины хамааралтай хүний дансыг  бэлэн 100-200 мянгаар худалдаж аваад залиландаа ашиглах тохиолдол байна.

-Хуулиар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн иргэдэд ямар ял шийтгэл ногдуулдаг вэ?

-Залилах гэмт хэрэгт хөнгөн тохиолдолд 240-720 цагийн албадан ажил хийлгэх 1-3 жил хорих ял ногдуулна гэж заасан. Иргэд цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ гэхээр хувийн мэдээллээ хамгаалах. Шалгаж тогтоолгүйгээр хүн рүү урьдчилгаа болон шууд төлбөрийг шилжүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.