УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хамт Монголбанкинд ажиллалаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монголбанкны бодлогын үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байна. Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ энэ онд манай улсын эдийн засгийн өсөлт зургаан хувьтай байх болов уу. Оны эхэнд манай улсын гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн. Өнөөдрийн байдлаар 4.7 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь гадаад худалдааны 5 сарын хэрэгцээ хангах хэмжээнд байна. "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 495.3 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ оны туршид хэвийн үргэлжлүүлэх үүднээс нэг их наяд гэж хэмжээг шинэчилсэн.
Хоршооны зээлэнд 14381 малчин хамрагдаж, 3467 хоршоо байгуулжээ. Одоо банкинд 96 тэрбум төгрөгийн зээл судлагдаж байна.
Нийт зээлийн 21 хувийг Хаан банк, 78.8 хувийн Төрийн банк дээр гарсан. Хас, Богд банк мөн хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Цаашид нэг их наяд болж байгаагаас энэ зээл илүү идэвхжээд явах боломжтой" гэлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Иргэд, аж ахуй нэгжийн Монголбанкаас шаарддаг нэг асуудал бол арилжааны банкуудын зээлийн хүү нь Монголбанкны мөнгөний бодлогын хүүтэй уялдуулах. Тухайлбал, арилжааны банкаас авч байгаа зээлийн хүү өндөр, хэрэглээний зээл их олгогдож хөрөнгө оруулалтын зээл бага олгогдож, банкууд илүү ашгийн төлөө ажиллаж байгаа нь санхүүгийн салбарт шударга ёс байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэдэг. Иргэдийн гарт очиж байгаа зээлийн хүүг хэрхэн бууруулах бодлого бол өнөөдөр бидний ярих ёстой хамгийн том сэдэв. Бизнес эрхлэгчид ч сүүлийн жилүүдэд маш ихээр гомдоллож байна.
"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 3 сарын дотор 500 тэрбум төгрөгийн зээл гарч чадсан нь зээлийн хүү нь 6 хувь учраас иргэдэд бизнес эрхлэхэд ашигтай байна. Учир нь малчид гар дээрээ 21.5-24 хувийн хүүтэй хэрэглээний зээлэнд дарлуулсан учраас үүн рүү ихээр хошуурч байна.
Иймээс үнийн өсөлт, бусад бүтээгдэхүүний үнийн өсөлт, дарамтыг яаж бодитойгоор бууруулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй гэж УИХ-ын дарга онцоллоо.