Монголоос л зайлах юмсан гэх үгийг магадгүй та хаа нэгтээ, хэн нэгнээс сонсож л байсан байх.
Энэ үгийг тэд чухам яагаад хэлэх болов...
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын хөдөлмөрийн насны нийт хүн ам одоогийн түвшнээс 19.7 хувиар өсөж, 2.7 саяд хүрэх тооцоо гарсан байдаг. Харин насны бүтцээр нь аваад үзвэл 40.2 хувийг нь 15-34 насны залуучууд бүрдүүлнэ. Ингэснээр зах зээлийн дийлэнх хувийг залуу үе эзэлж, ажиллах хүч урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрэх таамаг бий.
Гэвч бодит байдал дээр манай улс ажиллах хүчний хомсдолд ороод удаж буй.
Тодруулбал, - Манай улсын ажиллах хүч 300 мянган хүнээр дутагдаж байна
- Ажил олгогч нарт өнөөдөр хүний нөөцөө тогтоон авч үлдэх бэрхшээл тулгарч байна
- Gen Z үеийнхэн буюу 2000 оноос хойш төрсөн шинэ мянганы залуучууд 2035 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ. Энэ нь хүний нөөцийн бодлогыг эрс шинэчлэх шаардлага үүсэж байгааг харуулж байна.
Мөн манай улс ажиллах хүчээ гадаад руу их алдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар, БНСУ-д 54 мянган хүн ажиллаж байгаа бол Шведэд 20 мянга гаруй монгол иргэн байна. Монголчууд Австрали, Чех, Япон зэрэг улс руу олноор их зорчдог. Энэ нь нэг талаар гадаадын улс орнуудад хүн амын хөгшрөлт их, ковидоос хойш ажиллах хүчээр дутагдаж буй хүчин зүйл нөлөөлж байгаа бол дотоод талын хүчин зүйл нь эдийн засгийн өсөлт нийгэмд бодитойгоор буухгүй байгаатай холбон тайлбарлаж байна.
- 15-64 насны иргэдийн 67 хувь нь гадагшаа явж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
- Албан бус хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байна
- Ажилгүйчүүдийн эгнээнд сүүлийн жилүүдэд залуучууд, эмэгтэйчүүд их орж байна гэх судалгааг энэ оны 5-р сахд ХНХЯ-аас танилцуулсан.
Үүний цаад шалтгаан нь манай улсын ажиллах хүчний 70-80 мянган хүн гадаадад ажиллаж, амьдарч хөдөлмөрлөж буй явдал. Харин элчингийн гадна болоод гадаад улс руу жуучлах байгууллагуудын гадаа уртаас урт дараалал үүсгэж, харийн орныг зорихыг мөрөөдөгчид улам олширсоор.
Гэвч үүнийг буруутгах аргагүй. Харийн оронд л очиж боолын ажил хийсэн ч Монголд амьдрахаас илүү амьдарна гэж итгэн тэд бүх зүйлээ орхин одсоор.
Сүүлийн жилүүдэд БНСУ руу зорчих иргэд хил дээрээс буцаах тохиолдол нэмэгдсэн ч манай улсын талаас дорвитой арга хэмжээ авч чадалгүй өнөөдрийг хүрсэн.
Харин үүний цаад шалтгааныг монгол иргэний 54 мянган иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаатай холбон тайлбарладаг.
Хараар оршин суугаа иргэд таарсан ажил бүрээ гололгүй хийдэг ч ажил олгогч нар тэдэнтэй мал амьтантай харьцаж буй мэт харьцдаг талаар БНСУ-д хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэд ярих нь олон. Үүнийг өөрөөр хэлбэл, БНСУ-д Монголчуудыг боолчлох боолын систем аль хэдийн тогтсоны илрэл гэж хэлж болох юм.
Харин үүний цаад шалтгааныг харийн орныг зорьсон иргэн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлах биз ээ.