Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.09.06 17:05
4941
Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр гэмт хэрэг, зөрчлийн 24 гомдол бүртгэгджээ

ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ АЛДАГДАХ, БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ГЭМТЭЛ УЧРУУЛАХ, ӨМЧЛӨХ ЭРХЭД ХАЛДАХ ЗЭРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЛҮҮД ГАРЧ БАЙНА

Тухайлбал Цагдаагийн байгууллагад “2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан тоглолтын үеэр гар утсаа халааснаасаа алдсан, бусдад зодуулсан, насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйл худалдсан, тасалбар цахимаар худалдан авна гэж залилуулсан, бусдад хутгалуулсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 24 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.

“Танхайрсан”, “Бусдын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлд” Зөрчлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасны дагуу зөрчил гаргасан тухайн иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг. Харин Насанд хүрээгүй иргэнд архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан үйлдэлд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай болохыг иргэд та бүхэн анхаарна уу.