Хавдрын чиглэлээр хамгийн том, олон гишүүн буюу дэлхийн 170 гаруй орны 1100 гишүүн байгууллагатай, Хавдрын хяналтын олон улсын холбооны (Union International for Cancer Control) Захирлуудын зөвлөлд нэр хүндтэй 19 хүн нэр дэвшиж байгаа бөгөөд анх удаа Монгол улсаас Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан бусад орны нэр хүндтэй эрдэмтдийн хамтаар нэр дэвшсэн байна.
Б.Цэцэгсайхан нь 2016 онд Хавдрын хяналтын олон улсын холбооны Залуу манлайлагчаар шалгарч байсан бөгөөд Монгол улсад умайн хүзүүний хавдрын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлэх, Монгол орныг хүүхдийн хавдрын чиглэлээр загвар орон болгох, хүүхдийн хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах дэлхийн платформыг хэрэгжүүлэх, насанд хүрэгсдийн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх АТОМ хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны орноор сонгогдох зэрэгт голлох үүрэг гүйцэтгэсэн, хавдрын чиглэлээр олон тооны судалгааны ажлуудыг гүйцэтгэж, хавдартай өвчтөнүүдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа зэргийг үнэлж Захирлуудын зөвлөлд нэр дэвшүүлсэн байна.
Хавдрын хяналтын олон улсын байгууллагын бүх гишүүдийн санал хураалт 10 сард зохион байгуулагдаж нэр дэвшсэн 19 хүнээс 14 хүнийг сонгоно. Олон улсын нэр хүндтэй байгууллагын Захирлуудын зөвлөлд нэр дэвшиж буй Б.Цэцэгсайхан докторт баяр хүргэж, амжилт хүсэн ерөөе.