Парис хот 15 минутын хот концепц дэвшүүлээд байгаа. Харин үүнийг манай аль нэгэн дарга харсан бололтой. Бусдыг дуурайдаг, хуулбарладаг, шинэ содон санаа дэвшүүлж чаддаггүй тэд сайн чаддагаараа дуурайхаар шийдэв гэлтэй.
Түгжрэл, утаа, униар, хөрсний бохирдлын үүр уурхай болоод буй нийслэл Улаанбаатар хотоо Парис хоттой жиших нь хэр зүйтэй хэрэг бол. 15 минут, 20 минутын хот гэдэг нь бүх үйлчилгээг 15 болон 20 минутад авахыг л хэлээд байгаа юм.
Гэвч манай улсын хувьд 20 минутын хоттой болох нь ёстой л “Монгол даргын Монгол мөрөөдөл” болоод байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн нийслэл хот 0 зогсолттойгоо нүүр тулсан. Гэвч зунжин бордюр янзалсан дарга нар гэнэт ухаан орж 0 зогсолтын хажуугаар нийслэл хотын замын 70 хувьд засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн.
Үүнтэй зэрэгцэн “түгжрэл”-ийн эрхэм сайд Р.Эрдэнэбүрэн дугаарын хязгаарлалт хийх мэргэн санааг л гаргасан. Эхний санал асуулгаар иргэд төдийлөн дэмжиж санал өгөөгүй тул дахин санал хураалт явуулж эхэлсэн. Магадгүй иргэд дугаарын хязгаарлалт хийхийг бүх нийтээрээ, 2 гараа өргөн дэмжих хүртэл тус санал асуулга явагдах бололтой.
Нөгөөтээгүүр иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж, хэн ч машин унахгүй болбол замын түгжрэл арилна гэх мэдээлэл ч хийгээд амжсан. Өөрөөр бол эрхэм “түгжрэл”-ийн сайд Р.Эрдэнэбүрэн амнаасаа “а” гэх авиа ч гаргасангүй.
Харин өмнөх түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар энэ жил л дугаарын хязгаарлалт хийгдэнэ ирэх жилүүдэд дахин дугаарын хязгаарлалт хийхгүй гэж иргэдийнхээ чихэн дээр цэцэг ургуулж байсан цаг саяхан.
Харин дараагийн буюу 2 дахь түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан ард иргэддээ царайгаа ч харуулалгүй сонгуулийн тойрогтоо ажиллаад завгүй өдөр хоногуудыг өнгөрөөсөн. Хийсэн гавьяагүй тэрээр сонгуулиар торох зүйлгүй ялалт байгуулж, одоогийн зам тээврийн сайдын албанд томилогдож амар сайхандаа жаргасан.
Харин 3 дахь түгжрэлийн сайд Р.Эрдэнбүрэн 20 минутын хот, дугаарын хязгаарлалт, автобус гурваасаа илүү гарч сэтгэж чадахгүй байна. Нөгөө л өмнөх сайд нарынхаа ярьдаг байсан зүйлсийг давтаж, түгжрэлээс гаргах дорвитой ажил санаачлахгүй байсаар л. Харин ч илүү бугарч бусдын адаг болж байхаар юу ч хийхгүй байх нь сайдын зөөлөн суудалдаа удаан шигдэж чадах шийдэл гэж харж байгаа бололтой.
Үр дүнд нь иргэд зам дээрээ түгжирсээр л. Монгол даргын монгол мөрөөдөл хэзээ нэгэн цагт биеллээ олох болтугай гэж ерөөх л үлдлээ.