Багшлах эрхийн гэрчилгээ олгохтой холбоотой Багш нарын ҮЭ-ийн холбооны байр суурийг тодрууллаа. ҮЭ-ийн дарга З.Цогтгэрэл "Бид эсрэг байр суурьтай байгаа. Бодлого бариагүй алдаатай явсны хор уршиг. Бид багшийн дутагдалд орлоо. Нийгмийн баталгаа нь хангагдахгүй байна гэж олон жил ярьсан ч бодлогын түвшинд арга хэмжээ авахгүй байсаар байгаад өнөөдөр хүрлээ. Гадаадад төгссөн хүн хөрвөж болно. Гэхдээ сурган, заах арга зүйг 45 хоногт сурахгүй. Нөгөөтэйгүүр багшийн нэр хүндийг унагаж байна. Тэгэхээр үндсэн багш нар ажлаасаа гаръя. Тэр курсээрээ багшаа олж ав гэх байр суурьтай байна. Нийгэмд хуваагдал үүсч байна. Мэргэжил, мэргэшүүлэх гэдэг хоёр ондоо зүйл. Бид эхний таван жил багшаар ажилласан хүнийг багш гэж нэрлэж байгаа шүү дээ. Эхний энэ жилүүдэд нь итгэл үнэмшлийг нь төрүүлэх, хөгжих боломжийг нь хангадаг. Учир нь Эхний хоёр жил ажилласан багш нар хүүхдэд заах арга зүй, итгэл үнэмшил нь төлөвшөөгүй байдаг. Багш дутагдалд орсон гол шалтгаан цалин хангамж юм. Таван сая цалин нь хүрж байж наад захын хэрэгцээ хангагдана.
Өнөөдөр цалин хангамж муугаас маш олон чадварлаг багш өөр мэргэжил рүү хөрвөсөн. Иймээс цалин, хангамжыг 2-3 дахин нэмэгдүүлэх байдлаар бодлогоор энэ салбарын дутагдлыг нөхнө гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаан дахь кэйсүүдийг авч үзвэл дадлагын эсвэл багшийн туслах дандаа алдаа гаргаж байсан.
Орон тоогоор үндсэн мэргэжил эзэмшсэн хүмүүст алдаа гарах нь харьцангуй бага байна. Өнөөдөр мэргэжлээ бүрэн эзэмшсэн хүний харилцаа хандлага ямар байна, курсээр төгссөн хүний алдаа дутагдал ямар байна вэ гэдэг судалгаанд тулгуурлаж шийдвэр гаргамаар байна. Өнөөдөр нэг хэсэг багш оруулж ирээд энэ салбарыг бүр унагачихвал ажиллаж байгаа хүмүүст бүр хэцүү зүйл болно" гэлээ.